2018.10.26

Д.Оюунхорол: Төслийн санхүүжилтээ бодитой үр дүн гарах чиглэлдээ зарцуулъя

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан “Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа, түүнд нийт хичнээн хүн ажиллаж байгаа, Тэдгээрийг төсвөөс болох гадаадын зээл тусламжын шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, төслүүдийн үр дүн, зардлаа нөхөх хугацаа зэргийг мэдээлэл өгнө үү” хэмээн тавьсан асуулгыг сонсолоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Гадаадаас хэрэгжүүлж байгаа зарим нэг төсөл, Засгийн газар, УИХ-аас баталсан хөтөлбөрүүдийн үр дүнг нилээн сайжруулах хэрэгтэй байгаа нь үнэн. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, нэгжийн үйл ажиллагаа судалгааны материал үнэн бодитой байх хэрэгтэй байна. Төслүүд гэхээрээ нэг л их сургалт, семинар, уулзалт хийдэг. Уг нь төслийн үр дүн бол иргэний нүдэнд харагдсан, бодитой байх ёстой. Энэ чиглэлрүү төслүүдийг явуулах хэрэгтэй байна. Хэрэгжүүлэх гэж авсан зээл тусламжаа бодитой ажилруу зориулаач ээ гэж хүсч байна.”