2018.10.26

Ё.Баатарбилэг: Төслийн үр дүнг хаана, хэн тооцдог юм бэ?

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан “Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа, түүнд нийт хичнээн хүн ажиллаж байгаа, Тэдгээрийг төсвөөс болох гадаадын зээл тусламжын шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, төслүүдийн үр дүн, зардлаа нөхөх хугацаа зэргийг мэдээлэл өгнө үү” хэмээн тавьсан асуулгыг сонсолоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“Зээл тусламжийн төслүүдийг өгөөж, үр дүн дээр Сангийн яам ямар байр суурьтай байна вэ?. Яам бүр дээр олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Зарим нь буцалтгүй тусламж, зарим нь эргэн төлөх нөхцөлтэй байдаг. Тэд ер нь хаана тайлагнаж, үр дүнгээ тооцдог юм бэ? Энэ төслүүдийн хүрээнд дарга цэрэг нар гадагшаа аялаж явдаг л юм шиг байгаа юм? БНСУ-ын 500 сая долларын зээлийн ажил юу болж байна. Нэг жил өнгөрлөө. Агаарын бохирдол бууруулах зориулалттай гэж байсан. Гэтэл энэ ажил ахиц байхгүй л сонсогдоод байна. ТОдорхой том ажлууд дээр зээл тусламж нь гацчих юм. Энийг яах гэж байна вэ?”

Түүний асуултанд Сангийн сайд хариуллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Хэрэгжиж байгаа төслүүд асуудалтай юм байгаа. Гэхдээ 21 талдаа асуудал бий. 2018 онд юу болсон гэхээр төсөв батлахдаа гадаадын зээл тусламжийг 134 тэрбум төгрөгөөр хассан. Энэ жил ч 125 тэрбум төгрөг хассан. Энэ нь эргээд төслүүдийнхээ үр дүнд нөлөөлж байгаа юм. Цэвэр төслийн нэгжийн буруу үйл ажиллагаандаа биш байгаа юм. Төсөвт нийт  санхүүжилтээс хасчихаар ажил удаашрах зогсох асуудал бий. Зарим нь яг төсөл хэрэгжих гэхээр газрын маргаан үүсчихдэг. Ингээд бас гацдаг асуудал байна. 2019 оны төсөвт төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь тулаад гацчихдаг байсан. Үүнийг Сангийн сайдын багцруу шилжүүлсэн болохоор асуудал бага гарах байх. БНСУ-ын 500 сая долларын санхүүжилт дээр БХБЯ, Эрчим хүчний яам, БОАЖЯ, Нийслэлээс ирүүлсэн төслүүдийг БНСУ-ын талруу хүргүүлсэн. Үүнд Нийслэлийг орон сууцжуулах, утааг бууруулах чиглэлд хэрэглэнэ гэж 2 тал тохирсон учраас энэ чиглэлдээ Солонго 1, 2 хороолол, Баянголын ам хороолол байгуулахаар ТЭЗҮ зэрэг дээр ажиллаж байна. БНСУ-ын талаас ажлын хэсэг ирцэн ажиллаж байгаа.”