Х.Болормаа: 250 гаруй хүүхдийн сурч, хөгжих таатай орчин бүрджээ
2018.09.01

Х.Болормаа: 250 гаруй хүүхдийн сурч, хөгжих таатай орчин бүрджээ

Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 17 дугаар цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэр Засаг дарга “Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхэд багачууд, эцэг эх, та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дэвшүүлье. Японы засгийн газрын буцалтгүй тусламж Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр 17 дугаар цэцэрлэгт дотоод иж бүрэн засвар хийгдсэн. Мөн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 10 орчим сая төгрөгөөр дээврийг зассан. Цэцэрлэг өөрсдийн нөөц боломжоороо гадна фасадаа шинэчилсэн байна. Ингэснээр энэ цэцэрлэгт хүмүүжих 250 гаруй хүүхдийн сурч, хөгжих таатай орчин бүрджээ. Хүүхдүүд та бүхнийхээ өмнөөс ийм сайхан цэцэрлэгтэй болоход санхүүгийн туслалцаа үзүүлсэн Японы Улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока болонӨвсний үндэс хөтөлбөрийнхөн, засварыг чанартай хийж гүйцэтгэсэн “Төгс байшин” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлж, та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.