Япон улсаас Монгол Улсад суух элчин сайд М.Такаока СБД-ийн засаг дарга Х.Болормааг хүлээн авч уулзлаа
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүрэгт 1995 оноос эхлэн Япон улсын буцалтгүй тусламж Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 23 төсөл, арга хэмжээ 1 сая 672.4 мянган ам.доллараар хэрэгжсэн байна.
Эдгээрийн дийлэнх нь боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт байдаг. Энэ жил дүүргийн 10 хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгт 173.051 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр засвар хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар засварын ажил 60 орчим хувьтай байна. Наймдугаар сарын 15 гэхэд цэцэрлэгийн засвар дуусч, хичээлийн шинэ жил гэхэд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болно. Мөн Сүхбаатар дүүрэг Японы Нагано сужийн Саку хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа. Хот, дүүрэг хамтдаа түүхт ойгоо энэ сарын сүүлээр хамтран тэмдэглэхээр бэлтгэлээ хангаж байна. Тийм учраас дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид Японы баруун хэсэгт болсон байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд зориулж, сэтгэлийн дэм үзүүлэхээр хандив цуглуулсныг хүлээлгэн өгье” хэмээлээ. Уулзалтын төгсгөлд элчин сайд М.Такаока “Манай оронд тохиолдсон байгалийн гамшигт зориулж хандив цуглуулсан танай хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ бол Монгол, Японы бат бөх холбоо, найрамдалт харилцааг илэрхийлсэн халуун сэтгэл хэмээн ойлгож байна. Та бүхэнд маш их баярлалаа” гэв.