Ж.Бат-Эрдэнэ: Талийгаач Т.Гомбосүрэн зүтгэлтэй сайн залуу байсан
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй цөөн хором утсаар ярилцлаа.
-Та сошиал орчинд хамгийн идэвхтэй улстөрчдийн нэг. Хамгийн сүүлд твиттертээ “УИХ-аар хэлэлцэж дараагийн сайд томилтол УИХ-ын өмнө энэ салбарын ажил хуулийн дагуу надад хамаарах болно” гэж жиргэсэн байсан нь ямар учиртай вэ?
-2019 оны төсвийн тухай хууль удахгүй Засгийн газарт өргөн баригдана. Өнөө маргаашгүй боогдож дуусах улсын төсөвт яамд, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтад анхаарах тухай твиттерт жиргэсэн. Бас өглөөнөөс эхлээд төсөв дээр сууж ажилласан. Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой төсвийн асуудлыг хэнд тавих уу гэдэг асуултад хуулийн гаргалгаа гаргаж жиргэсэн нь тэр.
-Хэдий та үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч гэсэн хуулиараа зам тээврийн салбарыг хариуцаж байгаа нь хэвээрээ гэсэн үг үү?
-Тийм ээ. Хуулийн дагуу дараагийн сайд томилогдсоноор өмнөх сайдын бүрэн эрх нь дуусгавар болдог. Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХ-ийн сайдын ажлыг түр орлон ажиллаж байгаа. Миний асуудал УИХ-аар хэлэлцэгдэх хүртэл миний бүрэн эрх хадгалагдаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуулиараа УИХ-ын өмнө энэ салбарыг хариуцаж байгаа нь хэвээрээ.
–Сайдын ажлаа өгөхөд мэдээж амаргүй л байсан биз?
-Хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажлууд маань эхнээсээ шийдэгдээд явж байх үед ажлаа өгсөн нь үр дүнг нь хараагүйд харамсалтай л байлаа.
-Цаашид ямар чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байсан бэ?
– Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Зүүнбаянгийн төмөр зам, Шивээхүрэн Сэхэ хилийн боомт хүртэл төмөр зам тус бүр явахаар шийдвэр нь гарчихсан. Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын санхүүжилтийн хувьд Эрдэнэс Тавантолгой компани мөнгө босгох үүнээс 200 сая ам.долларыг Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам барихад оруулна гээд схемээ гаргачихсан. Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг барихад хувийн хэвшлийнхний өөрсдийнх нь хөрөнгөөр буюу “Монголын төмөр зам” компанитай хамтраад хийнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр замыг мөн “Монголын төмөр зам” компанитай хамтраад концессоор барина гээд салбарынхаа гурван том төмөр замын асуудал бодлогын хувьд шийдэл нь гарчихсан. Дараагийн асуудал бол “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессийн ажилд анхаарахаар төлөвлөж байлаа. Ингэхдээ концесс эзэмшигч “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд зургаан сарын хугацаанд сунгаад яам шууд хяналт тавьж ажиллахаар буюу хариуцлагыг нь яам үүрье гэдэг саналыг гаргаж өөр дээр авч ажиллаж байлаа. Дараагийн асуудал нь агаарын тээврийн либералчлал. Энэ есөн сард Солонгос улстай агаарын тээврийн хэлэлцээ хийхээр бэлдэж байлаа. Үүний дараа шинэ нисэх буудал яригдана.
-Таны оронд очих шинэ сайдын томилгоо ямар байгаасай гэж хувиасаа хүсч байна вэ?
Миний хувьд багагүй олон ажлыг эхлүүлээд ажиллаж байлаа. Эхлүүлсэн бодлогын чанартай ажлуудыг үргэлжлүүлээд явах, салбараа сайн ойлгодог хүн ирээсэй гэж хүсч байна. Эрх мэдэлд очсон даруйдаа өөрийнхөөрөө явчих гээд байдаг тал байдаг шүү дээ.
-Таниас нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Зам, тээврийн хөгжлийн яамны байранд наймдугаар сарын 9-ний орой хүн амины хэрэг гарсан. Сайдаар нь ажиллаж байсан хүний хувьд уг асуудалд байр сууриа илэрхийлээч. Талийгаач Т.Гомбосүрэнтэй хэр ойр ажилладаг байсан бэ?
-Хэргийн талаар ташаа мэдээлэл их гарсан. Талийгаач залуу хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга буюу сайдын ажилд хамгийн их тус дэм болох ажлыг хийж байсан гэж хэлж болно. Яамны ажил хэр явж байгаад хяналт дүгнэлт шинжилгээ хийж түүнийх нь дагуу би үүрэг даалгавар өгч засаж залж явдаг чухал алба шүү дээ. Бид сайхан ажиллаж байсан. Намайг ажлаа өг гээд шахсан мэтээр л бичээд байгаа юм. Тийм юм байхгүй ээ. Сүүлд талийгаачийн гэрт очиход ээж нь “Миний хүү өөртэй чинь ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байсан” гэж байсан.
-Талийгаач Т.Гомбосүрэн зан аашийн хувьд ямархуу хүн байсан бэ?
-Үнэхээр томоотой залуу байсан. Өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэдэг, зүтгэлтэй сайн залуу байсан.
– Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Махбалыг та хэр сайн мэдэх вэ?
-Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал бас л сайн төрийн албан хаагч, хуульч хүн. Би Б.Махбалыг тус газрын даргаар томилсон нь үнэн. Яамны бүх л бичиг баримт бүгд Б.Махбалаар хянагддаг байсан.
-Хэрэг гарсан тухайн өдөр та талийгаач Т.Гомбосүрэн, Б. Махбалыг хоёрыг дуудаж ажил даалгасан гэдэг нь үнэн үү?
-Тухайн өдрийн орой би Г.Занданшатар даргатай яриад эргээд 18.28 цагт Б.Махбал, Б.Артур хоёрт утсаар үүрэг даалгавар өгсөн байдаг.
-Утсаар уу?
-Тийм ээ. Төмөр замтай холбоотой хоёр ч асуудлаар маргааш нь Засгийн газарт танилцуулга өгөх ёстой байсан юм.
-Талийгаач хамгийн сүүлд ямар асуудлыг шалгаж байсан бэ?
-Хамгийн сүүлд талийгаач яамны бүх газрын хагас жилийн ажлыг дүгнэж танилцуулаад надаар гарын үсэг зуруулсан. Хэвлэлийнхний бичээд байгаа шиг ноцтой асуудал шалгасан энэ тэр асуудал байхгүй. Хариуцсан алба үүрэг нь яамны дотоод Хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг ажил шүү дээ.