Төмөр зам үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулж салбарын сайд мэндчилгээ дэвшүүлжээ
Улаанбаатар-Налайхын төмөр зам 1938 онд баригдаж, анхны галт тэрэг аялснаас хойш 80 жилийнхээ түүхтэй золгож буй энэ өдөр үе үеийн төмөр замчид, гадаад дотоодын хамтран ажиллагсад, Их түүхийг бүтээн босголцсон ОХУ-ын эрхэм журмын анд нөхөд Та бүхэндээ Зам, тээврийн хөгжлийн яамны хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Манай улсад төмөр замын тээврийн салбар үүсэж, хөгжсөнөөр аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, улсын эдийн засгийн бааз суурь, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд төмөр замчдын уйгагүй хөдөлмөр, хүчин чармайлт, үнэтэй хувь нэмэр оруулсныг өнөөдөр цохон тэмдэглэж халуун баяр хүргэхдээ таатай байна.
Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас заримыг онцлоход:
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж эхлүүлэх ажлыг Засгийн газрын хурлаар шийдвэрлүүлж, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замын чиглэлүүдийг нэмэлтээр тусган УИХ-аар батлууллаа.
Мөн ОХУ-ын нутгаар дамжин далайн боомт хүртэлх тээвэрлэлтэд урт хугацаанд тогвортой тарифын хөнгөлөлт эдлэх Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ-тай байгууллаа.
Олон улсын төмөр замын тээврийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна төмөр замын салбарт олон улсын туршлагаас 144 евростандартыг нутагшуулсан.
Үндэсний мэргэжилтнүүд гол замын “2 Загал” илчит тэрэг, ачааны хагас вагон зэргийг угсарч, зарим хэрэгцээт эд ангиудыг үйлдвэрлэж, төмөр замын тээврийн салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавьсан. Түүнчлэн дотоодын инженерүүд бие даан төмөр замын тээврийн суурь бүтцийг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд барьж ашиглалтад орууллаа.
Мөн гол замын их засвар, өртөө зөрлөгүүдийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, Замын-Үүдэд Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл болон Улаанбаатар төмөр замын гол шугамын дагуу дохиолол, хориглол, төвлөрүүлэлтийн байгууламжийг автомат системээр шинэчлэн ашиглалтад хүлээн авах мөч ойртсоор байна.
Цаашид төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг улам нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг шинэ шатанд гаргах, менежментийн шинэ арга, технологийг нэвтрүүлэх, төмөр замын шинэчлэлийг эрчимжүүлэх, дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, гадаад худалдааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах зэрэг томоохон сорилтууд бидний өмнө байна. Салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад төмөр замчид Та бүгдийн хүчин чармайлт ихээхэн чухал үүрэгтэйг энд онцлон дурдая.
Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулан буй нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Төмөр замчиддаа Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80-н жилийн ойн баярын мэнд хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН
ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ