Шивээхүрэн - Сэхээ чиглэлийн төмөр замыг ирэх онд ашиглалтанд оруулна
Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үерийн улмаас Баян-Өлгий аймагт гамшгийн байдал бий болсонтой холбогдуулан иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, далан барих шийдвэр гаргалаа. Мөн тус аймагт 80 гэр хуваарилах, эмнэлгийн яаралтай тусламжийн авто машины асуудлыг шийдсэн.
Үүнээс гадна Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын төмөр замын барилгын ажлыг 2019 онд багтаан ашиглалтад оруулах чиглэлээр салбар салбарын сайд нар үүрэг даалгавар өгсөн. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал 3-4 дахин буурч, төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ 800 тэрбум төгрөг хүртэл өсөх, экспортын хэмжээ 3-4 дахин нэмэгдэх тооцоолол гарсан. Цаашид Тавантолгойн 30 хувьд IPO гаргах асуудалд гаднын мэргэжлийн зөвлөх компанитай хамтарч ажиллах чиглэл өгсөн” гэв.
Үүнээс гадна “Өмнийн говь” эрчим хүчний төслийн хүрээнд 'Оюутолгой' компани үйлдвэрлэлийн цахилгааны хангамжаа дотоодоос авах тухай яриа хэлэлцээр явагдаж байна. Монголын талаас цахилгаан станцыг Тавантолгой дээр байршуулах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн гэдгийг онцлов.
Т.НОМИН