Д.Тэрбишдагва: “Ажилсаг Монгол” хүн бүрийн чихэнд хоногших ёстой
2018.06.18

Д.Тэрбишдагва: “Ажилсаг Монгол” хүн бүрийн чихэнд хоногших ёстой

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийг  санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

–Өнөөдөр “Мэргэж­лийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөн эхэлнэ. Энэ үеэр ямар асуудалд анхаарал хандуулах вэ?
 -“Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөн Улаанбаатар хотноо өнөөдөр, маргааш хоёр хоёр өдөр үргэлжилнэ. Зөвлөгөөнийг Засгийн газар,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы хөгжлийн хамтын ажиллагаа, эдийн засгийн яам, Германы ЭСЯ-тай хамтран миний бие оролцон зохион байгуулж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд тулгамдсан асуудлыг шийдэж, гарцыг нээнэ гэж найдаж байгаа.
–Мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог сайжруулах цаг үеийн шаардлагыг хэрхэн харж байна вэ?
– Монгол Улсын эдийн засгийн хөгжил улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан. Гурван хүн тутмын нэг  нь ядуу, Засгийн газрын өр  22 их наяд төгрөг давж,нэг хүнд долоон сая гаруй төгрөг оногдож байна. Мөн дэлхий дахинд эдийн засгийн хөгжлөөрөө 180 орноос сүүл мушгиж байна шүү дээ. Ийм байхад туулж ирсэн замналаа, барьж байгаа бодлогоо, хэрэгжүүлж байгаа алхамаа эргэж харахаас аргагүйд хүрч байна.
Хүнээ  хөгжүүлэхэд  чиглэсэн бодлогыг Монголын төр зохион байгуу­лалттай, төлөвлөл­тэйгээр хэрэгжүүлэхгүй бол шаварт суусан машин шиг дороо хий эргээд байх юм гэдгийг судалгаанаас харж болно. Учир шалтгааныг хөөж харвал, зах зээлд шилжсэнийхээ дараа  үйлдвэр аж ахуйн газрыг оновчгүй хувьчилж, 70 жил бэлтгэгдсэн жинхэнэ мэргэжилтэй боловсон  хүчнээ гудманд гаргасан. Амьдрахын эрхэнд энэ хүмүүсийн зарим нь ганзагын наймаанд явж, нэг хэсэг нь ажилгүй болсондоо гутарч архинд живж, нөгөө хэсэг нь шал өөр төрлийн ажил эрхлээд явсан шүү дээ. Эдийн засгийнхаа суурь бүтэцтэй уялдуулж, мэргэжилтэй ажилтан ангийг бэлтгэж байсан тэр механизм нурахаар боловсон хүчний бодлого алдагдсан. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх залгамж халаа алдагдаж, зах зээлийн шуурганд хэдэн техник, мэргэжлийн сургуулиуд нь гадны хэдэн төслөөс багахан дэмжлэг авсныг эс тооцвол Монголын төр зөнд орхисоор өнөөдрийг хүрлээ.
Ерөнхий дүр зургаас харахад дунд сургуулиа төгсч байгаа хүүхдийн  маш бага хувь нь МСҮТ-д суралцаж байна.   Их, дээд сургууль  төгсөгчдийн  79.6 хуь нь  мэргэжлээрээ ажиллаж чадахгүй. Гэтэл нэг хүүхэд сургахад жилд дундажаар  6.5-7  сая төгрөг зарцуулдаг.  Энэ гажиг  тогтолцоо  иргэдээ ч ядууралд түлхэж, залуусыг ч буруу тийш нь хөтлөөд байна.
– “Ажилсаг Монгол” хөтөлбөр ямар шатандаа байна вэ?
– Сүүлийн гурван жил төвлөрч ажиллаж байна. Хүн хөгжлийн гарц байхын тулд хүүхэд байхаас нь зөв монгол хүн, зөв хүмүүжилтэй болгохын зэрэгцээ бүгдийг нь мэргэжилтэй болгох хэрэгтэй. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг, дунд үйлдвэрүүдийн эздийг бий болгож, орчин үеийн техник, технологид суралцсан өндөр чадамжтай дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, үйлдвэрлэл хөгжүүлж олон ажлын байр бий болгосноор тэр нь эргээд их хэмжээний хөрөнгийг улсын төсөвт суулгаж, улс маань хөгжинө, хүн бүр ажилтай, орлоготой болно гэсэн ийм л гол концепц байгаа юм. Ажлын хэсэг  13 гишүүнтэй. Мөн дэд  ажлын хэсэг гэж байгуулаад ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг  ахлан ажиллаж байна.
–Үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй байгаа учраас л ажлын байрны хомсдол нүүрлээд байгаа юм биш үү?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэж их ярьдаг. Гэтэл нарийн мэргэжлийн барилгачин, мужаан, дархан, гахайчин, тахиачин байна уу. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гээд зээл, тусламж, дэмжлэг төрөөс үзүүлээд байгаа. Гэвч үр дүн маруухан талдаа. Тиймээс л  УИХ, Засгийн газрын  түвшинд  тэр үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, мастер, жижиг, дунд үйлдвэрийн эздийг бэлтгэхэд онцгойлон анхаарч үүнтэй нь уялдуулан үйлдвэрлэлийг  дэмжих хөнгөлөлттэй зээл зэргийг олгох хөшүүргийг бий болгоё.  Өндөр хөгжилтэй орнуудад 2030 он гэхэд 20000-30000 нарийн мэргэжлийн ажилтан, мастер сургая, 5000 нарийн технологи эзэмшсэн инженер бэлтгэснээр нүдээрээ үзэж, үйлдвэр дээр өөрсдөө цалинтай ажиллаж, давхар онолоо заалгаад  ирнэ. Бид гадаадад сургаж байгаа хүүхдүүдээ эргэж тойроод, эх орондоо ийм зүйл бүтээмээр байна зэргээр эргэх холбоо үүсгэдэггүй. Мөн ажил нь олдохгүй, эсвэл хэтэрхий доогуур цалинтай учир буцаад л явдаг. Түүнээс биш эх орондоо сэтгэлгүйдээ биш шүү дээ.
Дотоодынхоо МСҮТ-ийг  онцгойлон анхаарах учиртай. Суралцагчдад 70000 төгрөг өгдөг байсныг буцаан сэргээж,  тухайн сургуулиудын  техник технологийг шинэчилж,  хөрөнгө оруулалт нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулж, хувийн хэвшилтэй уялдаатай ажиллах гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Цаашид боловсролын салбарын сургалтын агуулгад шинэчлэл хийж,  хүүхдийг бүр цэцэрлэгт байхаас нь ажил хөдөлмөрт дурлах, зөв монгол хүн болгон бойжуулахад  онцгойлон анхаармаар байна.  Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг ямар зүйлд  авьяастай, ямар мэргэжлээр амжилтанд хүрэх нь үү, аль чиглэлээр явбал илүү үр дүнтэй вэ гэдгийг хүүхэд бүрээр нь тодорхойлж, мэргэжлийн онцлог чанарыг таниулж, бас хөдөлмөрийн амт шимтэнд дурлуулах,  зөв хандлагатай болгоход ихээхэн  ач холбогдол өгмөөр байна. Ийм шинэчлэлийг хугацаа алдахгүй шат дараатайгаар хийсэн цагт Монголыг хүүхэд, азлуус маань өөрчилнө гэдэгт үнэхээр итгэл дүүрэн байгаа.
–ХБНГУ-тай хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьж байгаа гэж ойлгож болох уу?
-Олон орны туршлага судалсан. Хамтын ажиллагаа тогтоохоор ажиллаж байна. Герман улсын хөгжлийн цөм нь мэргэжилтэй боловсон хүчин. Жижиг, дунд үйлдвэрийн эздийг бий болгож, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж бүх хот тосгон, бүх газрууддаа ажлын байрыг бий болгосон учраас ажилгүйдэл ядуурал маш бага байдаг.  Яг энэ системийг Япон, Солонгос, Хятад Германаас хуулж  өөрийн орны онцлогтой уялдуулан нутагшуулж авсан.Германы систем бол дуэл буюу хосолмол, одоо тримеханикаар буюу гурвалсан мэргэжилтэй хүртэл төгсгөж байна Нарийн мэргэжлийн  мастер гэдэг онцлогтой.   Мастер хүн бол   мужааныхаа бүх  дамжлагыг эхнээс нь авахуулаад бүгдийг хийж чаддаг хүнийг  хэлнэ. Ийм  чадвар эзэмшсэн олон  мастеруудыг  Монгол Улс бэлдэж чадвал тэд аяндаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлээд явна. Германд нарийн мэргэжлийн 320 мэргэжил байдаг. Харин Монголд одоогоор 30-аад мэргэжлээр сургаж байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ төр бодлогоор бэлтгэе гээд байгаа юм.
-“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд одоогоор ямар ажил хийж байна вэ?
-Гурван жилийн өмнөөс Германы үйлдвэр, аж ахуйн газрын эздүүдтэй уулзсанаас эхлээд төр, засгийн удирдлагын хэмжээнд хүртэл ярьж байна. Германд эхний 20 гаруй хүүхэд зам, барилгын чиглэлээр сурч байгаа. Берлин хотын Захирагч Михаель Мюллертэй уулзаж, ойрын хугацаанд сургах 10 хүүхдийн асуудлыг ярьж байна. Хөтөлбөрийг УИХ-ын гишүүд дэмжиж,  тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Хөдөөний хоёр мэргэжлийн сургалтын төвд тус бүрд нь 400 сая төгрөг улсын төсвөөс өгч тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
Мөн Улаанбаатар хотын барилгын коллежид 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүд өнөөдөр бараг 1950, 1960-аад оны үеийн трактор, белорус дээр дадлага хийж байна. Гэтэл ийм зүйл дээр дадлага хийсэн хүүхдүүд яаж орчин үеийн төхөөрөмж дээр ажиллах билээ. Ажил олгогчидтой ярилцаж үйлдвэр дээр дадлага хийлгэж сургахыг өргөн хүрээтэйгээр харилцан уялдаатайгаар шинэ шатанд гаргамаар байна.
 -“Ажилсаг Монгол”  гэсэн имиж бүрдүүлье гэж та уриалаад байгаа. Хэр дэмжлэг авч байна вэ?
-Монгол хүн байгалиасаа  заяамал ажилсаг шинж чанартай хөрвөх чадвар сайтай.  Хаана ч очсон манай залуус ажилсагаараа гайхагдаж байгаа. Гагцхүү төр засгийн тогтворгүй, алсын хараагүй бодлого, буруу жолоодлого нь бүтээгч ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, халамж горьдсон байдал руу хөтлөөд байгаад эмзэглэж байгаа. Тэднийгээ дэмжээд, сургаад, урам өгөөд ирвэл энэ нийгмийн сэтгэлзүй ч өөрчлөгдөж, улс орныхоо имижийг ажилсаг болгохын төлөө зүтгэцгээнэ. Угаасаа байгалиас өгөгдөлтэй ард түмнийг төр нь бодлогоор дэмжээд ирвэл өөрчлөгдөнө өө. Улс орны эдийн засаг хэдий чинээ хөгжинө төдий чинээ улс орны хөгжлийн нүүр царай харагдаж дэлхий нийт биднийг үнэлж хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулалт нэмэгддэг.
Тиймээс бид имижтэй болмоор байгаа юм. Бидний тавьсан зорилгоор 2020 он гэхэд “Ажилсаг Монгол” гэсэн үг хүн бүрийн чихэнд хоногших ёстой. 2030 он гэхэд дэлхий биднийг, Монголыг ажилсаг гэж хардаг бид ажилсагаараа бахархдаг, хүн бүр ажилтай орлоготой оюунлаг монгол болох ёстой. Тиймээс би Монголын эрин эргэж ирнэ гэдэгт бат итгэдэг. Хүн бүр ажилсаг байж, бага ярьж, ихийг бүтээе.
Б.Байгаль