МҮЭХ зохиомол үнийн эсрэг хугацаагүй тэмцлийг зарлалаа
2018.06.13

МҮЭХ зохиомол үнийн эсрэг хугацаагүй тэмцлийг зарлалаа

Цалин нэмэх сургаар нийгэмд зохиомол үнэ хөөрөгддөг. Иргэдийг туйлдуулдаг энэ байдал сүүлийн 27 жил амь бөхтэй оршиж буй учраас МҮЭХ зохиомол үнийн эсрэг хугацаагүй тэмцлийг холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулахаа өнөөдөр мэдэгдлээ.

Засгийн газрын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин нэмэх асуудлаар МҮЭХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзсан нь хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхэд тодорхой үр дүнтэй эхний алхам болжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,

"Энэхүү уулзалтаар цалин нэмэх боломжийг ОУВС-тай ярилцах ажлын хэсгийг Засгийн газар байгуулсан нь ажил хаялтын өмнөх суултыг түр хугацаагаар хаах шийдвэрт хүрсэн. Ажлын хэсгийн үр дүнг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагыг Сангийн яам, БСШУСЯ, ЭМЯ-нд тус тус хүргүүлэн жагсаал цуглаан зохион байгуулсан. Түүнээс гадна ОУВС-гийн гүйцэтгэх захирал Монголын асуудлыг хариуцдаг холбогдох бүсийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газартай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нөхцлийг эргэн авч үзэж цалин нэмэх асуудлаар хамтарч ажиллах албан хүсэлтийг хүргүүлсэн.МҮЭ-ийн холбооны цалин нэмэгдүүлэх шударга ёсны тэмцэл үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Цалин нэмэгдүүлэх тэмцэл 4 жил үргэлжилж байгаа шүү" хэмээн онцлоод Засгийн газар цалин нэмтэл тэмцэл үргэлжилнэ гэдгээ мэдэгдсэн.