Цалин нэмүүлэх тэмцлийг хугацаагүйгээр үргэлжлүүлнэ гэв
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр МҮЭХ-ны төв байранд цалин хөлс нэмэх тэмцлийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнгөрсөн сарын 1-ээс хойш МҮЭХ гишүүн байгууллагуудын хамтаар цалин нэмэгдүүлэх улсын гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг шаардаж, ажил хаялт болон жагсаал, цуглааныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭХ-оос ажил хаялтын өмнөх суултыг зогсоосон гэж мэдээлсэн. Бид тэмцлээ салбар зөвлөлийн дарга нарын хамтын шийдвэрээр түр зогсоосон байгаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулсан Боловсролын сайд Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг цалин нэмэгдүүлэхийг боломжийг судалж байгаа. Бид ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээхгүйгээр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэх шийдвэрийг албан ёсоор гаргаж, холбогдох төрийн байгууллагад шаардлага хүргүүлсэн.
Засгийн газар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооноос ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа учир хөдөлмөрийн маргааныг эхлүүлэх нь зохимжгүй гээд түр түдгэлзүүлэх саналаа ирүүлсэн” хэмээн ярилаа.
Хурлын үеэр албаны хүмүүс цалин хөлс нэмэгдүүлэх тэмцэл дөрвөн жил үргэлжилж байгаа. Шийдвэр гаргагчид наадам, ээлжийн амралт эхэлж, энэ тэмцэл зогсох байх гэж бодож байж магадгүй. Гэвч бид тэмцлээ хугацаагүй үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна хэмээсэн юм.