Хүн амын бодлогоо Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж төлөвлөхийг чухалчилж байна
2018.06.12

Хүн амын бодлогоо Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж төлөвлөхийг чухалчилж байна

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөлгөөн өнөөдөр /2018.06.12/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Зөвлөлгөөний эхний хэсэг “Хүн ам зүйн шилжилт, хүн ам зүйн насжилт” сэдвээр явагдаж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын гишүүн Хектор Аппухами хурлыг удирдлаа.
Эхлээд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын парламентын гишүүнээр 10 жил ажилласан, насжилтын асуудлаарх шинжээч, доктор Нгуеэн Ван Тиен илтгэл тавив. 

 Вьетнамын хувьд 93 сая хүн амтай, дундаж наслалт 73. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2385 ам.доллар байдаг ерөнхийдөө бага дунд орлоготой орон ажээ. Нийт хүн амын 34 хувь нь хот сууринд амьдардаг тус улсад хотжих процесс харьцангуй удаан өрнөсөн байна.

Доктор Нгуеэн Ван Тиен
Хэдийгээр дундаж наслалт нь өндөр боловч чанартай амьдрах жилүүд нь бага байна. Өөрөөр хэлбэл өндөр насалсан хэдий ч өвчин эмгэгт баригдаж, асаргаанд байх нь төдийлөн сайн зүйл биш юм.
Сүүлийн 30 жилийг аваад үзэхэд 30 хувьтай байсан төрөлт буурсаар өнөөдөр 15 хувьтай болтлоо буураад байна. Үүний зэрэгцээ нас баралт багассан. Тиймээс бид дараагийн 30 жилээ таамаглаж, 3 хувилбараар тооцоолж байна. Одоогийн байгаа инерциэрээ явбал 2049 онд 119,8 сая хүнтэй болох юм. Хэрвээ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо сайн хэрэгжүүлэх юм бол 108,7 сая орчимд барих боломжтой гэж харж байна. 
Манай улс ойрын хугацаандаа бол хүн амын нас баралтын шалтгааны 70 хувьд хүрээд буй халдварт бус өвчнийг бууруулах, тэтгэвэргүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Харин урт хугацаандаа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байна” гэлээ. 

Дэлхийн хүн ам XX зуунд төрөлт ихтэй байсан бол XXI зуун гарсаар насжилт ихтэй болж байгаа талаар Япон Улсын Нихон Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн туслах профессор ноён Рикияа Мацукура сонирхолтой илтгэл тавьж, олон төлөөлөгчийн асуултад хариулав. 

Тэрбээр одоохондоо ихэнх улс орнуудын төрөлт нь нас баралтаа нөхөх түвшинд байгаа юм. Яваандаа энэ үзэгдэл буурна. Өнөөдөр насжилтаар Япон тасархай тэргүүлж байна.
2100 он гэхэд Солонгос, Шри Ланк, Тайланд, Вьетнам, Малайз тэргүүлсээр цөм өнөөгийн Японы түвшин рүү тэмүүлэх юм. Тиймээс өнөөгийн Японы арга туршлагаас суралцаж, энэ өөрчлөлтөд одооноос тооцоо судалгаатай хандах нь чухал юм гэлээ. Яагаад ингэж байна вэ гэвэл, хүн амын насжилт өндөр болсноор татвар төлөгчдийн тоо буурч, улсын нийгмийн даатгалын системд дарамт учирдаг гэлээ. 
 
Дараа нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт” сэдвээр зөвлөлгөөний хоёр дахь хэсэг үргэлжилж, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү удирдав. 

Өнөөдөр дэлхий нийтээрээ өндөр төрөлт, нас баралтаас бага төрөлт, нас баралт руу шилжиж байна. Насжилтын асуудлыг шийдвэрлэх явдал нэг улсын чадавхиас давж, илүү глобал шинжтэй боллоо. Үүнийг шийдвэрлэхэд хүн төрөлхтний нийтлэг зорилтууд болох Тогтвортой хөгжлийн зорилт чухал болохыг Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Осаму Кусумото онцлов. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ, төрөлтийг бууруулж байгаа хоёр гол хүчин зүйл байна. Нэг нь байгаль орчны доройтол, нөгөө нь насжилт гээд хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд, төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй гэв. 

Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонт хэлэхдээ,

Манай улсын нэг эмэгтэй 1964 оны үед зургаан хүүхэд төрүүлж байсан бол одоо дөнгөж хоёрыг төрүүлж, улсын дундаж үзүүлэлт 1.6 болсон байна. Өөр нэг үзүүлэлт гэвэл 15 хүртэлх насныхан 1970 онд хүн амын 45.1 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 18.0 хувьд хүрсэн байна. Эсрэгээрээ 65-аас дээш насныхан 1970 онд 3.2 хувьд байсан бол одоо 10.6 хувь болжээ. Энэ үзэгдэл тун удахгүй Монгол зэрэг орнуудад тохионо. Тиймээс нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харж, бусдаас суралцвал ирээдүйд тохиох бэрхшээлийг даван туулахад дөхөмтэй юм гэсэн юм. 

Энэтхэгийн төлөөлөгч хүн амын тооны зохистой түвшин гэж байгаа эсэхийг тодруулахад илтгэгч доктор Осаму Кусумото дэлхийн хүн ам хэдийнэ зохистой түвшингээсээ давсан гэж хариулав. Мөн чинээлэг орнууд Тогтвортой хөгжлийн зорилтыг ямар байдлаар хэрэгжүүлж байгааг лавлахад байгалийн баялгаас сан үүсгэж, тэдгээр сангийн эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.