С.Бямбацогт: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй 20 гаруй хууль уялдаж байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2018.05.18

С.Бямбацогт: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй 20 гаруй хууль уялдаж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар хэлэлцүүлж байна. Яг ямар өөрчлөлт оруулахаар болж байгаа вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан. Энэ хуулийг хэт ерөнхий, тунхагийн шинжтэй, зөвхөн ил үйлдэгддэг гэмт хэргээс л урьдчилан сэргийлэх агуулгатай, цаг үеэсээ хоцрогдсон гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Тэгвэл Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж агуулгыг илүү өргөжүүлсэн. Сүүлийн арван жилд гэмт хэргийн тоо тогтмол өссөн. Гэмт хэргийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Өчнөөн айлын элэг бүтэн амьдрал сүйрч, төчнөөн олон хүн гаслан зовлонд унаж буй.

Эдийн засгийн талаас нь авч үзэхэд гэмт хэргийн улмаас жилд 200 шахам тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирч байна.

Ийм байхад гэмт хэрэг зөрчлийг зөвхөн гарсан хойно нь “гал унтраах”, илрүүлэх, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулахад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулах нь үнэхээр тэнэг хэрэг болно. Дээрээс чулуу унаж буйг мэдсэн атлаа зайлж бултах биш “...за яахав толгой хагалчихсан хойно нь бооё, хэн унагав гэдгийг дараа нь олж мэдье...” гэсэнтэй л адил юм болно шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлын гол цөм нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болж таарч байгаа биз. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэдгийг нэмж тодотгосон нь ч тохиолдлын хэрэг биш. Зөрчил даамжирвал, давтагдсаар байвал гэмт хэрэг болдог. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг шиг өнөөдөр зөрчил гаргасан этгээдийг өөгшүүлвэл ирээдүйн гэмт хэрэгтний толгойг илж байна л гэсэн үг.

Гэмт хэрэг зөрчилтэй уриа тунхагийн байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Бас урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгөхгүйгээр урагшаа гишгэхгүй гэдэг нь ч харагдсан. Тийм ч учраас би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг дахин сэргээн байгуулсан. Одоо харин энэ хуулиар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хууль сахиулагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байна. Морио чөдөрлөчихөөд ташуурдаад байвал хол явахгүй.

-Хуулийн төсөл өргөн баригдаад батлагдлаа гэхэд хууль эрх зүйн орчинд ямар ахиц гарах бол?

-Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль тогтоомж бүрэн шинэчлэгдсэн. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ч батлагдсан. Энэ бүхэн бол Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл боловсруулах бас нэгэн практик шаардлага мөн үү гэвэл мөн. Төрийн үндсэн чиг үүрэг бол иргэдийнхээ эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалахад оршдог. Хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх замаар л нийгэмд шударга ёс, дэг журам тогтдог. “...Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гээд Үндсэн хуульдаа заачихсан. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хүрээг нарийвчилсан. Үүнд Үндсэн хуулиас авахуулаад Эрүү, Зөрчил, авлига, хүчирхийлэл, мөнгө угаах, хүүхэд хамгаалалтай холбоотой гээд нийтдээ 20 гаруй хууль Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа. Нэг ёсондоо энэ хууль дээрх бүх хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан ерөнхий хууль нь болж таарч байгаа юм.

-Уг хуулийн төсөл Эрүүгийн болон Зөрчлийн хуультай хэр нийцэж байгаа вэ?

-Мэдээж нийцэлгүй яахав. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хамгийн гол цөм нь урьдчилан сэргийлэх явдал гэж би дээр хэлсэн. Тэгвэл урьдчилан сэргийлэх ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь өөрөө гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайн байж, буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулах явдал мөн шүү дээ. Энэ ажлын үр дүн сайн байх нь дараагийн эрсдэлийг давхар бууруулж байдаг. Хулгай хийвэл илрүүлчихдэг юм байна, хүн дээрэмдвэл олоод шийтгэдэг юм байна гэх дохиог эргүүлээд нийгэмд өгдөг гэх утгаараа тэр. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэг л эрч муутай, бүтэлгүй яваад байвал гэмт этгээдүүд дахин давтан гэмт хэрэг үйлдэх, үл бүтэх нөхдийн санаа сэдлийг өдөөх аюултай. Тийм болохоор мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол гэмт явдлыг хөтөлгөө морьтой байж хөөж гүйцэж, аюул эрсдэлээс хамгаална гэдгийг л харуулаад байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлж байна гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ гэдгийг тодотгосон. Гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэх орчин нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх гэсэн гурамсан холбоог энэ хуулийн төсөлд зохицуулж, Эрүү болон Зөрчлийн хуультайгаа илүү уяж өгсөн гэдгийг хэлэх байна.

-Манайх хууль батлаад байдаг. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангахад төсөв шаардлагатай болдог. Уг хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэр хэрэгтэй вэ?

-Наадах чинь их чухал асуудал. Өнөөдрийг хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг зөвхөн хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар санхүүжүүлж ирсэн. Архидан согтуурахтай тэмцэх ажилд архины онцгой албан татварын орлогын тодорхой хувийг зарцуулах шинжтэй. Энэ бүгд нийлээд улсын хэмжээнд нэг тэрбум орчим төгрөг л болдог.

Нийслэл хот, 21 аймаг, 330 суманд үүнийг хуваагаад үзэхээр, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэвэл хаанаа ч хүрэхгүй шүү дээ.

Тийм болохоор хуулийн хэрэгжилтийн хүчин чадлыг өндөр байлгахын тулд санхүүжилтийн асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой. Айлаар жишээлэхэд авдрандаа ганц цоож хийхгүй байж, хашаандаа ганц камер тавихгүй байж гэр орондоо юм хураагаад ер нь яах вэ дээ. Нийгмээ айдас түгшүүргүй, нийтээрээ амгалан тайван байхыг хүсч л байгаа юм бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гар хоосон хэдэн цагдаа, ганц улаан мөнгөгүй хууль сахиулагчиддаа найдаад орхих нь ёстой бэртэгчин явдал болно. Тийм учраас бид хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг нийт зөрчлийн торгуулийн 40 хувь гэж өргөтгөж оруулсан.

-Та хэлэлцүүлгийн үеэр жилд гэмт хэргээс болж 200 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэж байсан. Энэ хохирол бодитой хэмжээгээр буурах уу?

-Яг тийм. Гэхдээ өөрийн чинь хэлээд байгаа тэр 200 тэрбум төгрөгийн хохирол чинь шууд хохирол шүү дээ. Шууд бус хохирлыг авч үзвэл түүнээс ч өндөр дүн гарна. Гэмт хэргийг илрүүлэх гэж цагдаа нар хэдий хэмжээний цаг нар, цалин шатахуун зарцуулав, хэрэгт хяналт тавих гэж прокурор, шийдэх гэж шүүгч нар ямар ачаалалтай яаж ажиллав гээд тооцвол их өөр тоо гарна. Түүн дээр гэмт хэргийн улмаас ойр дотны хүнээ алдсан, эрүүл мэнд, эд материалын хохирол амссан хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг юугаар ч үнэлэх аргагүй шүү дээ. Гэмт этгээдийн тухайд ч аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхдээ амьдын тамд унагаж, сэтгэлийн зовлон учруулж байгаа. Ял шийтгүүлсэн этгээдэд хорих ял эдлүүлэхэд төрөөс хэдий хэмжээний зардал гарч байгаа билээ. Энэ бүхнийг нэгтгээд тооцох юм бол 200 тэрбум төгрөг биш, их наядаар яригдах хэмжээний шууд бус хохирол гарч байгаа биз. Тэгэхээр заавал “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн” үйлдэл хийдэг байх биш урьтаж “бороо шорооноос өмнө өрхөө татаж үүдээ хаадаг” байдалд илүү анхаарах л ёстой болж таарч байна.

-Хууль батлагдсанаар иргэдэд яг ямар бодит боломжууд нээгдэж байгаа вэ. Гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх боломж хэр нэмэгдэх бол?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл дотор соён гэгээрүүлэх чиглэл гэсэн нэг чухал чиглэл байгаа. Бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох асуудал үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг. Өнөөдөр бид Монгол Улс бол хүүхэд залуучуудын орон гэж их ярьдаг.

Гэтэл хүүхэд залуусаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх тал дээр хэр анхаарч чадаж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон.

Ерөнхий боловсролын сургуульд Иргэний боловсрол гэсэн хичээл ордог ч энэ хичээлээр эрх зүйн боловсрол олгох асуудал учир дутагдалтай байгаа. Гэтэл хүүхэд шилжилтийн насандаа, дунд ахлах ангидаа ямар хүн болох вэ гэдэг нь үндсэндээ шийдэгдчихдэг. Олуулаа хөөрч дарвиж яваад гэнэн болчимгүй байдлаас болж алдаж эндэх тохиолдол их бий. Хүний юм зөвшөөрөлгүй авбал яах вэ, хэн нэгнийг санаатай, санаандгүй цохьчихвол юу болох вэ, зодоон цохион хийвэл хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг тухай тэдэнд ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй. Үүнээсээ болж амьдралд хөл тавихаасаа өмнө “аавын хаалга” татаж амьдрал, хувь заяагаа орвонгоор нь эргүүлэх явдал ч гарч байна. Энэ хуульд хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүргийг ч илүү тодорхой болгосон. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл бол нийгмийнхээ сэтгэл зүйн залуур дээр сууж байгаа хариуцлагатай салбарынхан. Гэтэл зарим нь (бүгдээрээ биш шүү) гэмт хэргийн тухай мэдээлэхдээ бараг гэмт хэрэг яаж хийх тухай хичээл заачихдаг. Үйлдэл бүрийг нь нарийвчлан харуулж, дүрсэлж, бичиж, бараг л яавал цагдаад баригдахгүй байсан талаар нь зааж орхидог.

Нөгөө талдаа нийгмийн хариуцлага гэдэг зүйл бүх салбарт байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр алаан хядаан, хүчирхийлэл, садар самуун, хар тамхи, мансууруулах бодис сурталчилсан кино, контент гаргах нь маш ёс зүйгүй хэрэг. Түүнийг нь заавал хэн нэгэн, аль нэг байгууллага хэлж сануулах хүртэл “нүдэн балай чихэн дүлий” байх нь дэндүү увайгүй явдал шүү дээ. Ямар ч асуудлыг өөр дээрээ тавьж үзэж байх хэрэгтэй. Тэр харуулаад үзүүлээд байгаа болохгүй зүйлийг чинь таны үр хүүхэд үзвэл яаж нөлөөлөх бол гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Таны хийж байгаа мэдээг үзээд хэнд ямар сэдэл төрөх бол гэдгийг анхаарах учиртай. Мэдээж хэн ч , ямар ч сэтгүүлч гэмт хэргийг өөгшүүлэх гэж, магтан дуулах гэж мэдээлдэггүй л байх. Гэхдээ хэт дуулиан шуугиан хөөсөн байдлаас болж нөгөө талдаа нийгэмдээ засч болохгүй хор хөнөөл учруулах вий гэдгийг байнга санаж байгаасай. Бас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн мэдээ мэдээлэл, нийгмийн чанартай реклам сурталчилгааг түгээхэд гүүр нь болоосой гэж хүсэх байна. Амьдралд бүхнийг мөнгөөр харж үнэлж болохгүй. Энэ нийгэмдээ, бас ирээдүйдээ чаддаг зүйлээрээ, чадаж байгаа юмаараа сайн сайхны хөрөнгө оруулалт хийх нь хуулийн гэхээс илүү бидний жам ёсны үүрэг гэж ойлгодог.

-Та УИХ-ын дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ? Дэгийн тухай хуулиар ямар зохицуулалтуудыг хийх вэ? Гишүүдийн ирцтэй холбоотой асуудлыг суулгаж өгч, эгүүлэн татах арга хэмжээ авна гэсэн?

-“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж үг бий. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” ч гэдэг. Үнэхээр хариуцлага, ёс зүйг гишүүд өөрсдөөсөө эхлэхгүй бол болохгүй болчихлоо. Өөрөө хуралдаа суудаггүй, цагтаа ирдэггүй, ажлаа хийдэггүй байж ер нь хэнээс хариуцлага нэхэх юм. Тэгэх ямар ёс суртахууны эрх байх юм. Өнөөдөр УИХ-ын нэр хүнд уналаа л гээд яриад байгаа. Энэ чинь дотор нь байгаа гишүүдээсээ л хамаарч байгаа байхгүй юу. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж хурдан батлах ёстой. Гишүүд өөрсдийнх нь хариуцлага, ёс зүй, нэр хүндтэй холбоотой асуудалд хойрго хандаж болохгүй. Энэ хуулийн төсөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааны гуравны нэгд суугаагүй гишүүнийг эргүүлэн татна гэсэн заалт оруулсан. Бас санал хураалтын ирцийн босгыг өндөрсгөж, ирцэнд орохдоо, санал хураалтад оролцохдоо заавал биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлэхийг хуульчилсан. Ингэснээр хүмүүсийн шоглон хэлдгээр гишүүд “төгөлдөр хуурддаг” байдал эцэс болно. Цөөхөн хэдэн гишүүн сууж байгаад, ирээгүй гишүүдийн өмнөөс кноп дарж хууль баталдаг байдал арилна. Үүний цаа-на ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх барих эрх нь бүрэн утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

-Дэгийн тухай хуулиар гишүүдийг нэлээд чангалах бололтой. Ийм хуулийг гишүүд дэмжих болов уу?

-Дэмжихээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл хэн хариуцлага, ёс зүйгээс бултаж булзаж байна вэ гэдэг нь ард түмний нүдэн дээр тодорхой харагдана. УИХ-ын гишүүний нэр хүнд гэдэг цол чимэг биш. Ард түмнийг төлөөлж ажил хийнэ, тэдний дуу хоолойг төрд хүргэнэ гэчихээд тэр үүргээ биелүүлэхгүй байх нь хэтэрхий даварсан явдал шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг дарга биш, иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон адилхан л хүн.

Олон түмний сонголтоор гарч ирсэн гэдэг утгаараа харин илүү их хариуцлага хүлээх, илүү ёс зүйтэй байх, илүү ачаа үүрэх ёстой. Ингэж чадахгүй бол өөрөө хүсэлтээрээ явж чаддаг байх хэрэгтэй. Харамсалтай нь тэгж чадахгүй байгаа учраас л УИХ-ын дэгийн тухай хуулиар таны хэлдгээр ”чангалахаас” өөр арга алга. Энэ хуулийг дэмжихгүй бол гишүүд өөрсдөө их муухай харагдана. УИХ-ын нэр хүндийг улам шороотой хутгана. Энэ нь эргээд Монголд дарангуйлал үүсэх , олон нийт нэг хүний засаглалыг хүсэмжлэх хөрсийг бий болгоно. Тэр цагт бүх зүйл оройтсон байх болно гэдгийг өнөөдөр санаж сэрэх хэрэгтэй. Том эрх ашгаа бодож, улс гэрээ бодож хувийн өчүүхэн эрх ашгаасаа татгалзаж, энэ улсын төлөө чадлаараа зүтгэдэг байх учиртай. Гишүүн байна гэдэг төрд түшээ байх ёстой болохоос тушаа болохын нэр биш шүү дээ.

-Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд байсан хүмүүсийг хорьж шалгаж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Та бүхэнтэй л адил мэдээлэлтэй байна. Би хувьдаа С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар зарим нэг хүмүүс шиг эх орноосоо бултаж зугтаасангүй, ирээд шалгуулж байгааг нь харин ч үнэлж байна. Бас гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог хууль шударга ёсны зарчимд итгэдэг. Тэр болтол хэн ч хэнийг ч буруутган яллах эрх байхгүй. С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн гэрээ УИХ-д танилцуулагдаж Засгийн газар гэрээ байгуулсан нь үнэн. Харин ийм бодлогын шийдвэр гаргасан нь буруутай байсан, тэр буруутан нь энэ хүн гэж ирээд хамтаараа гаргасан шийдвэрээс хэн нэгнийг нь сугалж аваад яллах нь арай л хэтийдсэн хэрэг болно. Ингээд байх юм бол аль ч Засгийн газар, ямар ч Ерөнхий сайд улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дорвитой ажил хийж чадахгүй. Хаяагаа манасан, өдөр шөнийг аргацаасан тийм л байдлаар ажилладаг буруу жишиг тогтоно. Хууль шүүхийн салбар улс төрийн захиалгаар ажилладаг болчихвол улс төрчдийг сонгодог ард түмэн биш харин хуулийнхныг далдаас захирдаг, заавар өгдөг тэр нууц ноёнтон л эрх мэдэлтэй болно. Миний хувьд ямар ч хүнийг унасан хойно нь дэвслэх, араас нь шороо цацах хүмүүжил байхгүй. Тийм жудаггүй явдалд үнэн голоосоо дургүй. Шүүх үнэн мөнийг нь тогтоотол хэнийг ч буруутгах хууль зүйн болоод ёс суртахууны эрх надад алга даа.

-Монгол Улсын хамгийн том төсөл Оюу толгойд болгоомжтой хандахгүй бол гадны хөрөнгө оруулалтаа үргээж мэднэ. Аль өнцгөөс нь харах ёстой вэ?

-“Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг зүйл болчихгүй байгаасай. Гэхдээ Оюу толгойн гэрээний хувьд засаж залруулах зүйл хангалттай бий. Би бүр 2011 оноос хойш Оюу толгойн гэрээг засч сайжруулах ёстой шүү гэдгийг удаа дараа сануулж хэлж л байсан. Тэгээд зогсохгүй УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилж байсан. Гэвч энэ заалт харамсалтай нь хэрэгжээгүй өдийг хүрсэн. Яагаад 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилсан гэхээр хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөнөөс хойш Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх. 50-иас доошгүй гэдэг нь 50+1 байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хяналтын багцаа авах тухайд би ярьж байсан юм. Хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашгаа олсны дараа гэдгийг зориуд оруулсан. Гэвч хүлээж аваагүй. 30 жилийн дараа 50 хүртэлх хувь эзэмшихээр оруулж ирсэн. Бас өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал нь байнга өсч ирлээ.

Үүнээс болж Оюу толгойгоос Монголын ард түмэн ахиухан ашиг хүртэх асуудал хойшилсоор л байгаа. Үүнийг засахын тулд Засгийн газар ажиллах ёстой. Учир дутагдалтай гэрээгээ засаж сайжруулах ёстой болохоос улс гэрээ түүнээс болоод нураачихаж болохгүй.

Э.ЭНХБОЛД