Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглолтой автомашин гардуулан өглөө
9 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өглөө
2018.04.06

Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглолтой автомашин гардуулан өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэгдсэн 9 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өгөх арга  хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо.

Эдгээр автомашиныг худалдан авч дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст олгох  шийдвэрийг өнгөрсөн оны 11 сард НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга С.Амарсайхан санаачлан НИТХ-аар оруулж шийдвэрлүүлсэн байна. 

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, төлөөлөгч Д.Баярсайхан, Ш.Үнэнбат, Д.Мөнхбат,  Ё.Цацралтуяа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, ЦЕГ-ийн Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа  Р.Отгонжаргал,   Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Нийслэлийнхээ иргэдийн аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажлын нэгээхэн хэсгийн нээлтэд хүрэлцэн ирж, энэхүү арга хэмжээний гэрч болж байгаадаа баяртай байгаа илэрхийлье. НИТХ, НЗДТГ-ын зүгээс Улаанбаатар хотынхоо иргэдийн амгалан тайван байдлын төлөө бид жил бүр нийслэлийн төсөвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд зориулж таван тэрбум төгрөгийг төсөвлөдөг.

Энэхүү таван тэрбум төгрөгийг Нийслэлийн Гэмт хэргээс сэргийлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэхэд зарцуулдаг. Нийслэлийн 2017 оны төсөвт нийслэлийн дүүргүүдийн эргүүлийн автомашиныг шинэчлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр өнөөдөр ийнхүү нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдад 17 автомашиныг гардуулан өгч байна. Цаашид ч гэсэн бид нийслэлийнхээ иргэдийн аюулгүй байдал, амар тайван орчинд байлгахын тулд хөрөнгө зарцуулж тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба:  "НИТХ, Нийслэлийг ГХУСАЗЗ-ийн зүгээс иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах орчиныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг  таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагад чиглэл өгч олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Энд олгогдож байгаа 17 автомашиныг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг  2017 оны 11 сард НИТХ-аас тогтоол гарган Нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. 2018 онд Нийслэлийг ГХУСАЗЗ-өөс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн олон ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Энэ ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсүүдэд автомашин олгох, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, гудамж талбайг камержуулах гэх зэрэг олон ажлыг нэрлэж болно. Ямартай ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн байгуулагын ажилтан албан хаагчдын албан ажлын орчин нөхцөл,  техник, хэрэгслийг сайжруулах, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бид 9 дүүргийнхээ цагдаагийн хэлтэст парк шинэчлэл хийж, эдгээр тусгай тоноглолын авто машинуудыг өнөөдөр гардуулан өгч байна" гэв.