Куба улстай биеийн тамирын салбарт харилцан туршлага солилцоно
2018.04.05

Куба улстай биеийн тамирын салбарт харилцан туршлага солилцоно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Бүгд найрамдах Куба улсын Биеийн тамир, спорт, амралт чөлөөт цагийн үндэсний институтын (INDER) Ерөнхийлөгч ноён Антонио Эдуардо Бехали Гарридо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар хоёр улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тодруулбал, салбарын сайд Куба улсын төлөөлөгч нарт “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох хоёр улсын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг хоёр улсад харилцан зохион байгуулах асуудлыг ярилцсан. Мөн олимпийн өмнөх бэлтгэл, сургуулилтад онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэхээ онцоллоо.

Бүгд найрамдах Куба улсын Биеийн тамир, спорт, амралт чөлөөт цагийн үндэсний институтын (INDER) Ерөнхийлөгч Антонио Эдуардо Бехали Гарридо хоёр орны боловсрол, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлов. Тэрбээр “Манай сургуулийг Монгол Улсаас 22 оюутан амжилттай суралцаж, төгссөн.  

Цаашид тамирчид, дасгалжуулагч нарыг харилцан солилцох, хамтарсан бэлтгэл, сургуулилалт хийх, спортын анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах, туршлага солилцох хүсэлтэй байна” гэлээ. Мөн Куба улсад удахгүй зохион байгуулах “Хиралдо Кордоба Кардин” нэрэмжит олон улсын боксын уламжлалт тэмцээнд Монголын тамирчдыг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хоёр орны спортын салбарын хамтын ажиллагаа улам нягт, урт удаан батжихыг онцлоод, Монголын биеийн тамир, спортын салбарын боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, дэмжлэг бүхэнд нь талархаж буйгаа илэрхийллээ.