Орхон аймаг сүүлийн таван жилд эеш-ын дүнгээрээ эхний тавд бичигдэж байна
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орхон аймгийн багш, эцэг, эхийн төлөөлөлтэй уулзлаа
2018.04.04

Орхон аймаг сүүлийн таван жилд эеш-ын дүнгээрээ эхний тавд бичигдэж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орхон аймгийн багш, эцэг, эхийн төлөөлөлтэй уулзах үеэрээ  15 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, Биеийн тамир, спортын газрын “Б” заалны засварт шаардлагатай  13.4 сая төгрөг, “Наран” цогцолбор сургуульд  хими, физикийн ухааны танхим байгуулах асуудлыг  шийдвэрлэлээ. 

Тэрээр Орхон аймгийн боловсролын салбарыг өндрөөр үнэлж байгаагаа хэлж сүүлийн таван жилд ЭЕШ-ын нийт дүнгээр эхний тавд бичигдэж байгаа нь ур чадвартай багш нар олон байгаатай холбон ярьсан юм. 

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал орон нутгаас хэрэгжүүлж буй “Багш” дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, 2017 онд Орхон аймаг гадаадад мэргэжил дээшлүүлсэн 23 багш байгаа нь 2016 оныхоос 3 дахин их үзүүлэлт юм.  Мөн “Нийгмийн дэмжлэгийн сан”-аас 18 багш, 17 ажилтанд  18.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж 10 багш эрүүл мэнддээ,  12 багш орон байрны  нөхцөлөө сайжруулж, 13 багш оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт дээрх мөнгөн дэмжлэгийг зарцуулсан байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй багш сургалтад хамрагдаж ур чадвараа дээшлүүлсэн гэдгийг онцоллоо.

Үүний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа салбартаа тулгамдаж буй болон шийдвэрлэхээр ажиллаж байгаа асуудлыг танилцууллаа. БСШУС-ын сайдын багцад нэг жилд дунджаар 1.6 их наяд төгрөг ноогддог бөгөөд үүний 60 хувь нь сургууль, цэцэрлэг барих болон урсгал засварт, багшийн цалин, урамшуулалд 30 хувийг нь зарцуулдаг байна. Үүнийг эсрэгээр нь хуваарилж багш нарын нийгмийн хангамжийг сайжруулж нэр хүндийг нь өсгөх хэрэгтэй гэж тэрээр хэллээ.
Мөн цэцэрлэгийн багш нар 07.00-19.00 хүртэл ажиллаж байгаа ч цалин, урамшуулал бага тул үндсэн цалинг нь 50 хүртэлх хувиар нэмэх, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол, тэжээлийг  судлах, өвлийн ид хүйтэнд сурагчдыг амраах хуваарийг хичээлийн шинэ жилийн эхэндээ төлөвлөх зэрэг ажлыг судалж байгаа гэлээ. Түүнчлэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус олимпиадыг цэгцлэх, багш, сурагчдын ачааллыг багасгах, бага, дунд, ахлах ангийн сурагчдын ширээ, сандлын стандартыг гаргаж, мөрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.