Малын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
2018.02.02

Малын тоонд биш чанарт анхаарах цаг болсон

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Мөрөнд цугласан Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар тус аймгийн өвөлжилтийн мэдээллэлтэй танилцаад, улсын нөөцийн өвс, тэжээлээс 600 тонн өвс,500 тонн тэжээл өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдэд хэлсэн үгэндээ “Аливаа хүндрэлийг даван туулахад ЗГ, аймаг, сум, баг, иргэд хоорондоо мэдээллээ үнэн зөв, шуурхай солилцож байж эцсийн шийдвэр бодитой гарна, хэн хаана, ямар ажлаа гүйцэтгэх нь ойлгомжтой болно” гэв.

Мөн “Цаашид Монгол Улс мал аж ахуйгаа яаж хөгжүүлэх вэ? Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг шигээ ус, бэлчээрийнхээ даацад захирагдан малаа өсгөх шаардлагатай болж байгаа нь жилээс жилд улам тодорхой болж байна.

Зөвлөлтийн эрдэмтэд Монголын газар нутаг, бэлчээр усны нөөцийг судлаад хонин толгойд шилжүүлснээр 60 сая малд тохиромжтой гэж дүгнэж байсан бол одоо Монголын мал хонин толгойд шилжүүлснээр 104 сая болжээ. Тиймээс бодлогоо өөрчилж, тооноос чанарт шилжих цаг болсон байна. Би уулзсан малчин бүртэй, очсон газар бүртээ үүнийг л ярьж явна.

2001, 2009 оны зуд малын тоо толгойг 10,10 саяар нь хорогдуулж байсан. Хүн өөрөө мал аж ахуйнхаа бодлогыг боловсруулж чадахгүй бол байгаль, тэр дундаа зуд зохицуулаад өгдөг шүү дээ.

Хамгийн олон малтай хүн хаана байгааг хайж явахаа больё. Харин хэн малынхаа чанарыг сайжруулав, хэн нэг малаас авах үр шимээ өсгөв, хэн бусад малчинд туршлагаараа үлгэр дууриал болов, хэн гэдэг малчин мал ахуй тааруутай айл өрхийн амжиргаанд тус дэм болж малтай болгов гэдгийг хайя.

Хөвсгөл аймгаас ОХУ мах авахаа мэдэгдсэн. Тиймээс малын өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл бүсийн хяналтаа чангатган ажиллахад анхаарах хэрэгтэй.

Бусад долоон аймагт Хөвсгөлийн малчид отроор нүүдэллэж яваа юм байна. Тэдгээр аймгийн удирдлагатай холбоотой ажиллаж, аль болох тусалж дэмжээрэй. Юм юмаар дутагдаж гачигдаж яваа малчдаа эргээрэй, сэтгэл санааны дэмжлэг үзүүлээрэй” гэж захилаа.