Булган аймгийн 10 сум цагаан зудтай байна
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Булган аймагт ажиллалаа. Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын тухай мэдээллийг сонслоо.
Тус аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Хангал, Сэлэнгэ сумдын ихэнх, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Бугат, Орхон, Бүрэгхангай сумдын зарим багийн нутаг цагаан зудтай, Тэшиг сумын Давааны ар, Могод сумын Баянгол , Түлээ, Хөшөөт орчмын нутаг зудархуу байна.
Аймгийн хэмжээнд 2017-2018 оны мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 83.8 хувьтай хангажээ.
Хамгийн их цастай газрууд нь Тэшигийн Давааны араар 25 см, Хангалд 25-34 см, Сэлэнгэд 18-21 см, Дашинчилэнд 30-40 см, Баяннуурт 20-35 см, Рашаантад 20-27 см, Бугатад 30-35 см, Гурванбулагийн өмнөд хэсгээр 30 см, Бүрэгхангайн баруун, хойд, зүүн хэсгээр 23-35 см, Хишиг-Өндөрт 10-25 см, Могодын баруун, хойд, зүүн хэсгээр 18-21 см, Орхоны баруун, зүүн болон өмнөд хэсгээр 28-45 см, зузаан цастай байна.
Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -29-44 градус хүйтэрч /24-нд Баяннуурт -44 градус, 25, 26-нд Сэлэнгэ, Орхонд -41 градус/, өдөртөө дунджаар -17-28 градус хүйтэн байснаас шалтгаалан мал ихээр ядарч малын хорогдол ихсэх шалтгаан болсон байна.
2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3.3 сая толгой мал тоологдсон бөгөөд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7220 толгой мал хорогджээ.
Засгийн газрын 2017 оны 186-р тогтоолын хүрээнд аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 280 тн өвс, 20 тн тэжээл, сумдын нөөцөд 1261.2 тн өвс, 273.6 тн тэжээл бэлтгэсэн бөгөөд улсын төсвийн тодотголоор нэмж олгосон 327.0 сая төгрөгийн 66,8 хувьд нь 871.1 тн өвс, 33,2 хувьд нь 32.1 тн тэжээл бэлтгэж нөөцөлсөн.
Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн 79 хувь буюу 261 тн өвс, 60.8 хувь буюу 34.4 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад 2018 оны 01 дүгээр сарын 10-наас эхлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Сумд намар бэлтгэж, нөөцөлсөн өвс, тэжээлээ зарцуулж дууссан байна.Өвөлжилт хүндэрч мал бэлчээрлэх боломжгүй болж малчид малаа нэмэгдэл тэжээлд оруулж, өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70 гаруй хувийг зарцуулсан аж.
Ялангуяа цагаан зудтай байгаа Хангал, Сэлэнгэ, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдын нутгаар цасны зузаан талдаа 20-34 см, гуу жалга орчмоор 60-80 см, өдөртөө -24-29, шөнөдөө -35-42 хэм хүрч эрс хүйтэрч, цас хатуурч хөлөрсний улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж, өвс тэжээлийнхээ 90 гаруй хувийг зарцуулжээ.
Аймгийн хэмжээнд цаашид Рашаант, Гурванбулаг суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвөл хаврыг аль болох хохирол багатай давж туулах, төв суурин газрын өвөлжилтийн хэвийн байдлыг хадгалах, хүн амын эрүүл мэнд нийгмийн хамгааллын асуудалд анхаарах, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад анхаарч ажиллаж байгаагаа аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий танилцууллаа.
Аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Булган аймагт улсын нөөцөөс 500 тонн өвсийг үнэгүйгээр, 400 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө