Насаараа нийгмийн даатгал төлсөн иргэд дөнгөж тэтгэвэрт гараад нас барах тохиолдол их байдаг
2018 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сартай тэтгэвэрт гарахаар болсон.
Өөрөөр хэлбэл 2018 оноос тэтгэвэрт гарах байсан иргэд 6 сарын шат дараалалтайгаар нас нь хойшилж байгаа бол явсаар 2037 он гэхэд эмэгтэй 60, эрэгтэй 65 хүрч байж тэтгэвэрт гаргадаг болно. Энэ тал дээр Засгийн газраас оновчтой саналыг гаргасан гэж үзэж байгаа ч хүнд, хүчир ажил хөдөлмөр эрхэлдэг, цаашлаад хортой нөхцөлд залуу насаа ажиллаж өнгөрөөсөн иргэд 65 нас хүрээд тэтгэвэрт гарна гэдэг нь тун ч тоогүй асуудал юм. Учир нь бүх насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч дөнгөж тэтгэвэрт гараад амьсгал хураах ахмадууд олон байгаад салбарын сайд ч санал нэг байгаа юм.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: "ХНХ-ын сайдаар томилогдож ирээд, энэ асуудлыг судалж үзэж байхад зайлшгүй эргэж харах шаардлагатай асуудлууд байсан.
Нэгдүгээрт, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэрт гардаг хүмүүсийн насыг адилхан 6 сараар сунгасан нь оновчтой шийдэл болоогүй гэж харж байна.
Хоёрдугаарт, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ хууль хэрэгжүүлэх журмын тухай хуулийг дагалдаж гаргах шаардлагатай байсан байна.
Одоо тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхэд нэг онд төрсөн хоёр хүн эхний болон сүүлийн хагас жилд төрснөөсөө хамаараад тэтгэвэрт гарах хугацаа нь 1 жилийн зөрүүтэй байх асуудал үүсч байна."