Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах боломж бүрдлээ
Өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан. Уг танилцуулгад дурдагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, арилжааны банкуудын хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2018-01-05/ ХНХЯ-нд боллоо.
Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг зурсан бөгөөд талууд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настанд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх үүргийг хүлээж буй юм.
2017 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 381.8 мянган тэтгэвэр авагч арилжааны арван банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа бөгөөд тэдний 52,2 хувь нь ХААН, 39,6 хувь нь Төрийн банкаар үлдсэн 8,2 хувь нь бусад найман банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар арилжааны 10 банкнаас 230.8 мянган тэтгэвэр авагч 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар авчээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын байгууллагад ирж байгаа өргөдөл, санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох зэрэг байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс ХААН банк, Төрийн банктай хамтран ажиллаж зургаан сар хүртэл хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг сарын 1.25, жилийн 15 хувиар тогтоон өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн боловч тэтгэвэр авагчдын ердөө 8.1 хувь нь жилийн 15 хувийн хүүтэй зээл авч бусад нь урт хугацаатай 18 хувийн хүүтэй зээлийг илүүд үзсэн байна
Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр авагчийн санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр арилжааны банкинд гэрээний дагуу эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүүг сарын 1.0, жилийн 12.0 хувь болгон тогтоож, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН банк, Төрийн банктай харилцан тохиролцсон юм.
Ингэхдээ сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож, үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч сар бүр авахаар болж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг хэмээн үзэж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2018 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр авагч ХААН болон Төрийн банкнаас 12 хүртэл сарын хугацаатай тэтгэврийн зээл авах бол сарын 1.0, жилийн 12 хувийн хүүтэй байх бөгөөд энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 100 гаруй мянган тэтгэвэр авагч жилд 5,0 тэрбум төгрөг хэмнэж, зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх боломж бүрдэж байгаа юм. Мөн сарын тэтгэврийг бүгдийг зээл, хүүд суутгаж байгаа нь ахмад настны амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй тул иргэдийн ирүүлсэн саналд үндэслэн тэтгэврийн 70 хувийг зээ болон хүүгийн төлбөрт суутгаж үлдэх 30 хувийг гар дээр нь олгож байхаар банкуудтай тохиролцлоо. Ингэснээр урьд нь тэтгэврээ барьцаалаад зээл авсан иргэд 100 хувь зээлийнхээ төлбөрт суутгуулдаг байсан бол 30 хувь нь үлдэж сар бүр тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүллээ” хэмээн ярьсан.
Монголбанкны хувьд тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг арилжааны бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох асуудлыг шийдвэрлэж мөрдүүлэхийн хамт тэтгэврийн зээлийн зориулалтаар арилжааны банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийг тогтоохгүй байх талаар судалж шийдвэрлэх үүргийг хүлээж буй тухай Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлаад “Арилжааны банкуудад заавал байршуулах эх үүсвэр гэж бий. Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байршуулах нөөцийг тогтоохгүй байхад тодорхой хэмжээний зардлыг хэмнэх боломж байна. Олон улсын жишигт хэрэглээний зээлийн хугацаа нь жилээс хэтэрдэггүй. Мөн тэтгэврээ барьцаалж байна гэдэг нь орлогын эх үүсвэрээ барьцаалж байгаа учраас ямар нэг эрсдэлгүй гэж үзэж болно. Ингэхээр тэтгэврийн зээлийг эрсдэлгүй байна гэж үнэлснээр эрсдэлийн зардал буурч байгаа юм” хэмээсэн.
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлэхээр болсон Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн “Тэтгэвэр барьцаалсан зээл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хугацаа уртасч, хүү буурч байгаа юм. Эргэн төлөлтийг харилцагчдад дарамт учруулахгүйгээр тэтгэврийн үлдэгдлийн 70 хувийг зээлдээ төлөөд явах боломж тусгагдсан. Энэ нь харилцагчдад маш таатай нөхцөл бүрдүүлж байгаа юм. Тэтгэвэр авагчид нь үйлчлүүлдэг банкиндаа хандаад явахад харилцагчдын хүсэлтийг банкны зүгээс шийдвэрлээд явахад ямар нэг бэрхшээл байхгүй” гэж ярьсан юм.
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар ХААН болон Төрийн банк тэтгэвэр барьцаалсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн үйлчилгээг тэтгэвэр авагчдад түргэн шуурхай хүргэх үүрэг хүлээж буй юм.