Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагнав
2012.03.20

Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2012.03.19-нд Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. 2011 оны намрын чуулганы хугацаанд болон 2012 оны ээлжит бус чуулганы үеэр хийсэн ажлынхаа талаар тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар эхлээд товч танилцуулсан. Хэвлэлийн хуралд мөн байнгын хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Р.Раш, Ж.Батсуурь нар хүрэлцэн ирсэн байв.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 26 удаа хуралдаж, 87 асуудал хэлэлцсэн байна. 

Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын дотроос УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулийн төслүүдийг байнгын хорооны дарга онцлон ярьж байсан. Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж батлуулсны зэрэгцээ УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулсан тухайгаа дурдсан юм.

УИХ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар ирэх зургадугаар сард болох сонгууль холимог системээр буюу можаритор давамгайлсан пропорцианаль агуулсан тогтолцоогоор болох юм гэдгийг мөн онцолж байлаа. Саналын хуудсыг автомат машинаар уншуулах боломжтой болсон гэдгийг хэлээд, ингэснээр саналын хуудсыг хувилдаг, маргаантай тоолж сонгуулийн үр дүнг будилаантуулдаг гэх зэрэг зөрчил дагуулсан асуудлуудыг цэгцлэхээр болгосон тухай ч хэлсэн.

Сонгогч нэг удаа л саналаа өгнө. Цахим үнэмлэхийг ашигласнаар иргэн саналаа өгсөн эсэхийг шууд тодорхойлох боломжтой. Үр дүнд нь сонгууль шударга явах боломж бүрдэж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ярилаа.Өмнөх сонгуулиудын үеэр зарим иргэд 2-3 удаа саналаа өгч, санал хураалтын дүнг будилуулж байна гэх гомдол тасардаггүй байсан бөгөөд нэр дэвшигчид ч сонгогчдыг татахын тулд элдэв спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сонгогчдод бэлэг өгөх зэргээр саналыг нь авахыг хуулиар энэ удаа хориглоод байгаа талаар ч гишүүд дурдан ярилаа.Ээлжит бус чуулганы хугацаанд тус байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн дагуу “...сонирхлын зөрчлийн тухай хуулийн...” хугацааны талаар хэлэлцээд хугацааг нь тавдугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр болж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар ч мөн онцлон ярилаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо болон Өргөдөл, гомдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн тус бүр 9 гишүүнтэй батлуулсан байна.Тус байнгын хорооноос зохион байгуулсан нэлээн томоохон ажлын тоонд “Эмэгтэйчүүдээ дэмжье” 45 хоногийн аяныг нэрлэж байсан.

Түүнчлэн сонгуулийн үеийн зөрчилдөөн болон олон улсын туршлага, сургамж сэдвээр явуулсан уулзалт ярилцлагын тухай ч онцолсон юм.Ингээд хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдээс тавьсан зарим асуултад байнгын хорооны дарга, гишүүд хариулт өгсөн бөгөөд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим үйл ажиллагаа удаашралтай байгаа тухайбал, иргэний цахим үнэмлэх олгох ажил саатаж байгааг сэтгүүлчид сонирхож байсан.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.