Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ
2017.07.05

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 05 минутад эхэлж, хэд хэдэн асуудал хэлэлцэхээр тогтов.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл байв. Төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг 3 үе шаттайгаар авахаар тогтжээ. Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилгоор “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хөгжлийн бодлогын зээлийн эхний шатыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа гэв. Хөтөлбөрийн эхний шатны хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Хөнгөлттэй зээлийг нэг үе шаттайгаар авах бөгөөд эхний үе шатанд тусгагдсан 9 бодлогын арга хэмжээ бүрэн хэрэгжиж дуусаад байгаа аж. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна.   

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг зээлийн зорилго ба зарцуулалтын талаар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гадаад зээлийн хэмжээ нэмэгдэж байгаатай зэрэгцэн дотоодын бондын өр зээл хасагдах эсэхийг тодруулан Ажлын хэсгээс хариулт авсан юм. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, айнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, төслийн талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгааг танилцуулгын эхэнд дурдав. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 32.0 тэрбум иен бөгөөд жилийн 0.8 хувийн хүүтэй, урьдчилгаа шимтгэл нь 0.1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь зургаан жил юм.

Энэхүү бодлогын зээл нь Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэдгийг онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалаа. Энэ өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь  төслийг зөвшилцөхийг дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.