Д.Очирбат: Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс даана
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр аймаг, орон нутагт амжилттай хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 40-65 насны бүх иргэнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна. Ажлын явц ямар байна вэ?
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр өнгөрсөн тавдугаар сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Бид бүх аймаг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгтээ нээлттэй өдөрлөгүүд зохион байгуулж, ажлаа эрчимжүүлж байна. Мөн энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, харьяа төвүүдийнхээ удирдлагуудтай уулзаж байна. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь очиж, үзлэг оношилгоо хийж байгаа. Хот, хөдөө гэлтгүй иргэд шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдаж байна.
-Манай улс элэгний өвчлөлөөр нас баралтынхаа тоогоор Азид гэлтгүй дэлхийд тэргүүлдэг. Урьдчилсан үзлэг оношилгоогоор В, С вирусийн халдвартай, хорт хавдрын урьдал үедээ орсон өвчлөл хэр илэрч байна. Та сая хэд хэдэн аймгаар явсан, дуулгах мэдээлэл юу байна вэ?
-Монголчуудын дунд одоогоор 480 мянган хүн элэгний В, С вирусийн халдвартай, 150 мянган хүн хорт хавдрын өмнөх үе шатны D вирусийн халдвартай гэсэн судалгаа бий. Дөрвөн аймгаар явахад 26 хүн В, С вирустэй буюу хавдрын өмнөх урьтал үетэй, хавдартай хүмүүс оношлогдож байна. Энэ нь цаашдаа эрсдэл маш өндөр байгааг харуулж байгаа хэрэг. Монгол Улс элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж байна.
Тиймээс бид нээлттэй өдөрлөгийн үеэр гурав дахь шатлалын эмнэлгүүд буюу I, II, III эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг дагуулж явж үзлэг, оношилгоог хийлгэж байна.Иргэд маань тэр бүр улсын эмнэлгүүдэд дугаар авч үйлчлүүлж чадахгүй байна. Цаг хугацаа, хөрөнгө санхүү нь зохицохгүй байна. Тиймээс энэ хөтөлбөрийнхөө нээлттэй хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрд мэргэжлийн эмч нар очиж үзлэг хийж байгаа. Хэдийгээр эмч нар улсын эмнэлэгтээ ачаалал ихтэй ажилладаг ч хөдөө орон нутагт ажлаа зохицуулаад, очиж үзлэг хийж байна.
Нэг аймагт, өдөрт 4,800 хүн үзлэгт хамрагдаж байна. Хүн ам цөөтэй, 16,000 хүнтэй Говь-Сүмбэр аймагт гэхэд л өдөрт 1,800 хүн хамрагдаж байна. Энэ ажлыг бүх аймагт, аймгууд нь бүх сумдад үргэлжлүүлээд хийх юм. Үндэсний хэмжээнд өрнүүлж буй энэ хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, ажилтай нь танилцах өргөн кампанит ажлыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, сумын эмч нараа аймагтаа дуудаж ирээд, сум орон нутагт нь хорт хавдрын өвчлөл илэрч байгаа шинж тэмдэгтэй хүмүүсээ аймгийн төв дээр авчирч, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж байгаагаараа илүү онцлогтой.
-Энэ онд 40-65 насны бүх иргэнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна. Хэрэв анхан шатны үзлэг оношилгоогоор вирусийн халдвартай, хорт хавдрын өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатны шинжилгээ, оношилгоонд хамруулна гэж байгаа. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?
-2017 онд 40-65 насны бүх иргэнийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна. Дараа нь энэ хамрах хүрээг өргөтгөнө. Одоо бол 40-65 насны бүх иргэнийг В, С вирустэй байна уу, үгүй юу гэдгийг туузан оношлуураар оношлох юм. Энэ шинжилгээний хариу нь дороо гарна.
Хэрэв өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирусийн халдвартай нь илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамруулах, харьяа эмнэлгүүдэд элэгний ЭХО, хавдрын маркер тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх зэргээр дараагийн шатны шинжилгээ оношилгоог хийнэ. Энэ ажлын гол ач холбогдол нь энэ.
Бид Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь зэрэг аймгуудад ажилласан. Энэ аймгуудаас маш олон хүн эргэж харьяа төвүүддээ үзүүлж байна. Үзлэгээр В, С вирустэй нь илэрсэн болон онош нь тогтоогдохгүй байгаа хүмүүс ирж үзлэгт хамрагдаж байна. Аймаг, орон нутагт үзлэгээр явж байгаа эмч нар маань ч гэсэн илрүүлгийнхээ энэ хугацаанд цаг гаргаж, нэмэлт илрүүлгийг хийгээд явж байгаа.
Нүүдлийн хоёр том амбулатори эмнэлэг явж байна. Харьяа эмнэлгүүдийн эмч нар явж байна. Нэгэнт л хүч, хөрөнгө гаргаад явж байгаа учраас тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд, эмнэлгийн дарга нар маань аймаг, орон нутгийнхаа иргэдийг үзлэг оношилгоонд нь идэвхтэй хамруулахыг хичээх хэрэгтэй. Өдрийн халуун наранд эмч нар маань майхан дотор хүмүүсээ үзээд, цаг, завгүй ажиллаж байна. Тиймээс иргэд маань өөрсдөө ч бас идэвх санаачлагатай байж, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсэж байна.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний вирусийн эсрэг таван төрлийн эмийн үнийг хямдруулсан. Энэ бол элэгний өвчлөл өндөртэй манай орны хувьд маш том боломж юм. Тиймээс иргэн хүн эрүүл байх, хариуцлагатай байх тал дээр анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?
-Эрүүл мэндийн салбар энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь иргэн хүн өөрийгөө урьдчилан сэргийлэх ёстой юм. Иргэн хүн өөрөө эрүүл байж, гэр бүл эрүүл байна. Хувь хүн өөрөө эрүүл бол бусдын төлөө анхаарна. Эрүүл хүн аав, ээж, хань ижил, үр хүүхдэдээ санаа тавьж чадна. Мөн хувь хүн эрүүл бол байгууллага, хамт олон эрүүл байж чадна. Тиймээс байгууллага хамт олноороо ч бас өвдсөн хойноо эмнэлгээр явах биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдаж байх хэрэгтэй.
Иргэн хүн эрүүл мэндийн даатгалын дэвтрээр сардаа 45 мянган төгрөгийн үзлэг шинжилгээнд хамрагдах эрхтэй. Тийм болохоор жилд ядаж 2-3 удаа урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах хэрэгтэй юм. Хэрэв хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эрт илрүүлгийн ачаар өвчлөлийг цааш даамжруулахгүй байх, эрт илрүүлж, эмчлэх боломжтой юм. Өнөөдөр өөрөө ч өвдсөнөө мэдээгүй явж байгаа хүмүүс энэ илрүүлгээр өвчтэй яваагаа мэдэж байх жишээтэй.
Хорт хавдрыг аль болох эрт үед оношлох нь амьдрах хугацааг уртасгаж өгдөг. Тиймээс иргэн бүр, өрх гэр болон байгууллага хамт олноо эрүүл байлгах тал дээр анхаарч байх хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн энэ ажлын хүрээнд биш, сум өрхийн эмч болон нэгдсэн эмнэлгүүд дээр очоод үзүүлээд, оношоо зөв тодруулаад, өөрөө өөртөө цаг үргэлж санаа тавьж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд В, С вирусийн халдвартай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусийн эсрэг эмчилгээнд хамруулна. Элэгний архаг өвчтэй болон элэгний вирус тээгч хүмүүсийг эмчийн хяналтад бүрэн хамруулж шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийх гээд энэ чиглэлээр Эрүүл мэндийн яаман дээр нэлээд олон ажлыг хийж байна. Тухайлбал, элэгний В,С вирусийг устгадаг таван төрлийн эм байна.
Эрүүл мэндийн даатгалаас нэг эмнээс 210 мянган төгрөг буюу курс эмчилгээн дээр нь 630 мянган төгрөгийг хөнгөлж өгч байна. В вирустэй иргэдийн эмийг 40-60 хувь хөнгөлж өгч байна. Цаашид өндөр өртөгтэй хагалгаа буюу бүх эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хагалгааны зардлыг төрөөс даадаг болж байна. Өндөр өртөгтэй эмийн бодлого, нэгдсэн эмийн худалдан авалтаар аймаг, орон нутаг сумынхаа эмүүдийг хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ мэтчилэн бид олон ажлыг хийж байна.
Сэтгүүлч Б.Энхтуул