2017.06.23

Элэг бүтэн Монгол хөтөлбөр Сонгинохайрхан дүүрэгт нээлтээ хийлээ

"Элэг бүтэн Монгол” өдөрлөг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх "Соёмбо" кино теартын талбайд боллоо.

Тус дүүргийн хэмжээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 74512  иргэн хамрагдах ажээ. Тухайн иргэд нь Сонгинохайрхан дүүргийн 1-32 дугаар хороодод оршин сууж буй 1952-1977 онд төрсөн, 40-65 насныхан юм. Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд 2016, 2017 оны Эрүүл мэндийн даатгалаа бүрэн бөглүүлсэн байх шаардлагатай бөгөөд тухайн оршин суугаа харьяа хорооныхоо өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой юм байна.

Өдөрлөгийн үеэр явуулын эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулсан юм. Тухайлбал, энэхүү өдөрлөгт Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Хавдар судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Эрхэс” клиник болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нийт давхардсан тоогоор 4508 хүнд үзлэг оношилгоо хийж,  сургалт сурталчилгааны материал тараасан төдийгүй эрүүл мэндийн зөвлөгөө өгч, бие бялдрын сорил авч ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр ЭМЯ-наас “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн үзлэг шинжилгээнд зориулан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд чухал хэрэгцээтэй өвчтөний ор 5 ширхэгийг гардууллаа.