Д.Очирбат: Үндэсний оношлогооны төвтэй болсноор гадагшаа явах шаардлагагүй болно
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Удтал шийдэгдэхгүй байсан Түлэнхийн төв эмнэлгийгбарихсанхүүжилт шийдэгдсэн. Ямар эмнэлэг баригдахаар болж байгаа вэ?
-Түлэнхийн төв эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөремжтэй олон улсын жишигт хүрсэн эмнэлэг бий болно. Кувейт улсын хөрөнгө оруулалтаар баригдхаар төлөвлөгдсөн. Монгол Улсын Засгийн газар, Кувейтын Засгийн хооронд гэрээ хийгдэж байна. Кувейтууд Монголд биечлэн ирсэн. Урьд нь барилгын ажил гүйцэтгэж байсан "Нутгийн зам", "Цаст констракшн" гэсэн хоёр компани барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Дараа жил гэхэд барилгын ажил дуусна. Үүн дээр 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй тоног төхөөрөмж суурилуулна. Ийм иж бүрэн эмнэлгийг хүлээлгэн өгнө гэсэн сайхан мэдээтэй байна.
-Манай улс үндэсний оношлогооны томоохон төвтэй болох гэж байгаа. Энэ талаарх мэдээллийг хүргээч?
-Нэг үеэ бодвол салбарын ажил харьцангуй урагштай яваа. Жишээ нь, II эмнэлгийн хашаан дотор дэлхийн жишигт нийцсэн "Үндэсний оношлогоо, эмчилгээний төв" байгуулах "МОН-8" төсөл хэрэгжиж эхлээд байна. "МОН-8" төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны эрүүл мэндийн сангийн хөнгөлөлттэй зээлээр 49 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар үндэсний оношлогоо, эмчилгээний төвийг байгуулна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, үндэсний оношлогооны төв ашиглалтад орсноор олон нийтэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, хүртээмжтэй хүрнэ. Ингэснээр гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчтөнүүдийн тоо болон эрүүл мэндийн гадагш урсдаг зардал буурна.
-Хэзээ ашиглалтад орох вэ?
-Сая хэд хоногийн өмнө барилгын ажлын явцтай нь танилцлаа. Барилгын суурийн ажил хийгдэж байна. Долоон давхар өндөртэй, гурван талаараа хүзүүвчээр холбогдсон эмнэлэг болно. Бүх тооног төхөөрөмж нь орчин үеийн шаардлага хангасан. Цөмийн хурдасгууртай үзлэг оношлогоог Монголд анх удаагаа нэвтрүүлнэ. Энэ нь үйл ажиллагааны функцийг цар хүрээтэй нь оношилно гэсэн үг. Энэ төв байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл бий болно гэж үзэж байна.
Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр дэлхийн жишигт нийцсэн циклотроны үйлдвэртэй болно. Мен изотоп үйлдвэрлэх юм. Энэ төвийг 2018 оны арван хоёрдугаар сарын 1-ний едрөөс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр орон нутаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдэд явуулын автомашинаар үйлчлэхээс гадна интернэтээр холбогдож, хагалгаа, хурал зөвлөгөөнийг удирдах юм. Хагалгааг орон нутагт нь интернэтээр удирдаж хийнэ. Боловсон хүчнээ одооноос бэлдэж эхэллээ. Цацраг туяа, цөмийн мэргэжилтнээр ажиллах таван мэргэжилтэнг Солонгост сургаж байна. 20 гаруй мэс заслын эмч, мэргэжилтнүүдийг Японд сургах гэж байна.
-Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг баригдаж байгаа. Ажлын явц ямар шатандаа явна?
-Азийн хөгжпийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн жишиг эмнэлэг баригдаж байгаа. Нийслэлийн нэг дүүргийн хүн амыг эрүүлжүүлэх, хэрэгцээ шаардлагыг хангахуйц жишиг эмнэлэг баригдаж байгаа.
24.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай. Зөвхөн эмнэлгийн газар нь гэхэд 2-3 га газрын хэмжээтэй. Хамгийн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангаж өгнө. Сая тендер зарлагдаж шалгарсан компани барилгын ажлаа эхлүүлсэн байна. Дүүргийн ийм загвар жишиг эмнэлгийг 2018 ондоо Хан-Уул, Чингэлтэйд барихаар төлөвлөсөн.
-Гэмтлийн эмнэлгийн үүдэнд онгоц шууд буудаг болж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Цаашдаа эмнэлгүүдийн үүдэнд нисдэг тэрэг буудаг болгоно. Замын түгжрэлтэй үед ч тэр хөдөө орон нутгаас ч тэр эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэнэ. Цаашлаад I, II, III эмнэлгийн үүдэнд нисдэг тэрэг буух боломжтой талбайг судлан үзэж байна.
-Өрх, дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж, Эх нялхас, Гэмтэл, I II III эмнэлгийн ачааллыг бууруулах бодлого барин ажиллаж байгаа гэж сонслоо. Үүнд яамнаас ямар чиглэлтэй ажиллаж байгаа вэ?
-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлалцаж байсан. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатнаас нь эхлэн анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдээлэлтэй байлгахад чиглэсэн хууль юм. Гэтэл амьдрал дээр өрхийн эмнэлгээ тэр болгон тоодоггүй. Заавал гурав дахь шатлалын эмнэлэгт танил талаараа яриулж ор хүлээж хэвтэх гэсэн байдал ажиглагддаг.
Энэ нь эрүүл мэндийн урсгалыг харахад дээшээгээ данхайчихсан доошоогоо нарийсчихсан нь харагдана. Одоо хоёр дахь шатлалын гэж нэрлэгддэг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог 9-11 төрөл болгон нэмэгдүүлж байна. Өрхийн эмнэлэг буюу эрүүл мэндийн салбарын анхан шатанд ажиллаж байгаа эмч, сувилагчдыг чадавхжуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношилгоо хийх, урьдчилан сэргийлэх сурталчилгаанд дадлагажуулах цөм сургалт, ойлголт, мэдлэг зайлшгүй хэрэгтэй байгаа.
Эрүүл мэндийн яам энэ оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй уялдуулан өвчнөөс аль болох урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүн эрүүл байх ёстой. Улмаар эрүүл байгаа иргэдийг төрөөсдэмжихучиртай. Эрүүл мэндийн даатгал төлдөг, гэр бүлийнхэн нь ч мөн эрүүл мэндийн даатгал төлдөг ч эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ авдаггүй хувь хүн, иргэн олон бий. Иймээс тэдгээрийг дэмжиж эрүүл мэндийн даатгалаар нь агаар салхинд амрах, сувилалд явах, фитнес иогоор хичээллэх боломжуудыг нь нээж өгөх хэрэгтэй санагддаг.
-Та энэ салбарын мэргэжлийн хүн учраас салбарынхаа алдаа дутагдлыг гярхай сайн анзаарч харж байгаа байх. Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Би арван жилийн сургуулиа төгсөөд III эмнэлэгт нэг жил асрагчийн ажил хийж байлаа. Үүний дараагаар Анагаахын сургуульд суралцаж төгсөөд эрүүл мэндийн байгууллагад жил гаруй ажилласан. Тэгээд хувийн эмнэлэг, хувийн эмийн сан дөнгөж байгуулагдаж байх үетэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрүүл мэндийг хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон доо.
Тэгээд дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж хууль тогтоолцож явсны хувьд салбарынхаа алдаа оноог илүү сайн мэдрэлгүй яахав. Юуны өмнө эрүүл мэндийн салбарын зохион байгуулалтын асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. ТҮЦ, хүнсний дэлгүүр шиг эл дол болсон хувийн эмнэлгүүдийн стандарт шаардлагыг хангуулж ажиллуулахаар болж байна.
Гурван сая хүн амтай мөртлөө 5000 гаруй хувийн эмнэлэгтэй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай явуулахад яамнаас анхаарахгүй бол хэтэрхий дур зоргоороо задгай явж ирсэн нь харагдаж байна. Эмийн бодлого гэж байхгүй болсон. Хил гаалиар оруулж ирж буй хамгийн ашигтай бизнес эмийн бизнес болчихож. Энэ бүгдийг цэгцэлж байж иргэнд хүрэх тусламж үйлчилгээ сайжирна.
-Эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлдэг "Сетунари" ХХК-ийн охин компани болох "Вона Бета" улсын эмнэлгүүдэд урвалж нийлүүлдэг. Мөн улсын эмнэлэг дотор хувийнхаа оношлогооны төвийг нээсэн гэх мэт зөрчил гарсан. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Төрийн эмнэлгийн лаборатори нь өөрийн үйл ажиллагаагаа явуулахгүйгээр хувийн хэвшилдээ өгдөг. Тэгээд бүр улсын эмнэлэг дотор хувийн оношлогооны төв байрладаг. Ийм хэл ам маш их гардаг. Хувь хувьсгал нь ч ялгаагүй оношлогоо эмчилгээг хамгийн сайн түвшинд хийх ёстой. Бид үүнийг анхаарна. Улсын ажлын өмнүүр орж хувийн хэвшил мөнгө олохын төлөө ажилпаж буйтай арга хэмжээ авч хариуцлага тооцно.
-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг энэ оны эхэнд батлагдсан. Эрүүл мэндийн салбарын ойрын 10 жилийн төлөвлөгөө цаасан дээр буусан байна гэж ойлгож болох уу?
-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль,Монгол Улсын Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, МОнгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хөгжлийн ерөнхий зураглал тодорхой боллоо.
Ингэснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчийг дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар дундаж наслалтыг уртасгах зорилтын эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид том бодлогынхоо хэмжээгээр ажлаа төлөвлөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмж, санхүүжилт зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд урдаа барих бодлогын бичиг баримттай боллоо гэж үзэж болно.
-"Нярай хүүхдийн хоол тэжээлийн тухай" хууль шинээр батлагдсан. Салбар хариуцсан сайд нь олон нийтэд хандан ташаа мэдзэлэл хийсэн гэх асуудал гарч байсан?
-Манай сайд буруу өнцгөөс нь ойлголт муутайгаар ярилцлага өгчихсөн хэрэг гарсан л даа. Эхийн сүүг дэмжих тухай хууль батлагдсан. Үнэндээ эхийн сүү орлуулагчийг хязгаарлах нь зүйтэй. Түүнээс хуулиар шууд хүчээр хаагаад хориглочихож байгаа зүйл байхгүй юм шүү.
-"Элэг бүтэн Монгол" хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар мэдээллийг хүргэхгүй юу?
-"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өнгөрсөн тавдугаар сарын 5-ны өдөр улс орон даяар нээлтээ хийсэн. Энэ хөтөлбөрийг бүх хөдөө орон нутгаар танилцуулж байгаа. Би Баянхонгор, Төв аймагт очиж ажиллаад ирлээ. Баянхонгор аймагт гэхэд 1800 гаруй хүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, элэгний В, С вирусыг илрүүлэх үзлэг оношлогоо дөрвөн экогоор үзсэн байна. Эрүүл мэндийн даатгалтай 40-65 насны хүмүүс эрүүл мэндийн даатгалаараа элэгний В, С вирусыг илрүүлэх үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийж байгаа.
65-аас дээш насны болон 18-39 насны хүмүүс ирэх 2018 онд эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй энэхүү үзлэгт орно. В, С вирусыг илрүүлдэг оношилгооны аппарат техник тоног төхөөрөмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж байгаа. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр бол зөвхөн элэг гэдэг эрхтэнийг хамгаалж эмчлэх ойлголт биш. Монголчууд элэг бүтэн өвчин зовлонгүй амьдарч олуулаа хамтдаа байна гэсэн утгаар ойлгох хэрэгтэй.
Хөдөө орон нутагт бүх сумдынхаа эмч нар, эрүүл мэндийн ажилтнуудад эрүүл мэндийн сургалт зохион байгуулж байна. Эрүүл мэндийн яамнаас энэ 2017 онд хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн туулах чадвар сайтай автомашин, тоног төхөөрөмжийг аймаг болгонд хүлээлгэн өгч байна. Эрүүл мэндийн яамны удирдлагууд орон нутагт ажиллахдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэр хүрч байгааг газар дээр нь очиж харж, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад сургалт зөвлөгөө өгч нэгдсэн бодлоготойгоор ажиллах болж байгаа байгаа нь маш давуу тал юм.
СЭТГҮҮЛЧ Б.ДОЛЗОДМАА