"Батлан хамгаалах хууль эрх зүйн эмхтгэл" товхимолыг  гардуулах ёслолын ажиллагаа боллоо
2017.06.06

"Батлан хамгаалах хууль эрх зүйн эмхтгэл" товхимолыг гардуулах ёслолын ажиллагаа боллоо

"Батлан хамгаалах хууль эрх зүйн эмхтгэл" товхимолыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин Штабын удирдах бүрэлдэхүүн, цэргийн анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүнд гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалах яаманд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Б.Батбилэг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага ЗХ-ны анги байгууллагуудын захирагч нар оролцлоо.

Хууль дээдлэх нь нийгмийн харилцааны үндсэн зарчим болж буй өнөө үед нийгмийн бүх харилцаа, тэр тусмаа батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчний байгуулалтын хөгжлийн зорилго, зорилт зөвхөн төрийн хууль тогтоомж, хуульчлагдсан эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байх учиртай.

Энэ нь батлан хамгаалах эрх зүйн арга хэмжээний мөн чанар, ач холбогдлыг тодорхойлж байдаг тул Монгол Улсын төр эх орноо батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангахыг чухалчилдаг юм. Монгол Улс шинэ Үндсэн хуулийнхаа тулгуур заалтуудыг үндэслэн улс орны батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний байгуулалтын хууль эрх зүйн орчинг 1992 оноос үндсэндээ шинээр бүрдүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд "Батлан хамгаалах тухай", "Зэвсэгт хүчний тухай", "Дайны байдлын тухай", "Дайчилгааны тухай", "Гадаадын цэргийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай" хуулиудаар манай улсын батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн орчныг үндсэндээ бүрдүүлэв. Түүнчлэн "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай", "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай", "Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай" хуулиудаар иргэний цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулж, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоолоо.

Эдгээр хуулиуд 20 гаруй жил мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын гадаад орчинд ихээхэн өөрчлөлт гарч, эх орны дотоод ч ардчилсан төрийн байгуулал бэхжиж, эдийн засгийн зах зээлийн харилцаа төлөвшиж байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж мөн "... Эдүгээ Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний байгуулалтын эрх зүйн үндэс нь нэгдүгээрт, "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс"-ээр, хоёрдугаарт, улс орныг батлан хамгаалах талаарх төрийн хууль тогтоомжоор тодорхойлогдож байна.

  "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" нь батлан хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндэс бөгөөд олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлахад харгалзан үзэх тулгуур баримт бичиг мөн болно.

  Батлан хамгаалахын сайдын хувиар төрийн бодлогын энэхүү баримт бичгийг үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан, бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны цогц байдлыг хангахад чиглэсэн, дэлхий нийтийн жишиг, хөгжилтэй нийцүүлсэн төрөөс батлан хамгаалах талаар баримтлах тулгуур үзэл баримтлал болж чадсан гэдэгт бүрэн итгэлтэй байна.

  "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс"-ийн зүйл, заалтад нийцүүлэн 2016 онд "Батлан хамгаалах тухай", "Зэвсэгт хүчний тухай" хуулиудыг шинэчилсэн найруулгаар батлагдсаны дээр "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг салгаж, "Цэргийн албаны тухай", "Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулиуд болгон баталлаа.

Ийнхүү Монгол Улс батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн шинэ үе эхэлж байна. Зэвсэгт хүчний төрийн захиргааны болон цэргийн захиргааны удирдах бүрэлдэхүүн, нийт цэргийн алба хаагчдад зориулан батлан хамгаалах бодлогын шинэчлэлд хамаарч буй шинэ хууль тогтоомж, "Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030", "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 хүртэл хөгжүүлэх хөтөлбөр" зэрэг мэргэжлийн Засгийн газраас батлан мөрдүүлж байгаа удирдлага, төлөвлөлтийн дунд хугацааны баримт бичгийг Батлан хамгаалах яам "Батлан хамгаалах бодлогын шинэчлэл" нэрээр эмхэтгэн та бүхэнд өргөн барьж байна" гэлээ.

Эмхтгэлд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд хандан Батлан хамгаалахын сайдын хэлсэн удирдамжийн чанартай үг, өгсөн үүрэг, даалгаврыг заримаас оруулсан байна.