Туул голоо хамгаалахад анхаарлаа хандуулах шаардлагатай
2012.03.26

Туул голоо хамгаалахад анхаарлаа хандуулах шаардлагатай

“Монголын ногоон суваг” нь “Хатан Туул ба цаг хугацаа” аяныг гурван жил дараалан төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж байгаа.

Нийслэлийн иргэдийн ундны эх үүсвэр болсон Туул голын эх, түүний сав газрыг шууд ба шууд бус бохирдлоос хамгаалах, усны нөөц, урсацыг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдэд ундны усаа хайрлан хамгаалах, усны үнэ цэнийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой соён гэгээрүүлэх олон ажлыг хэрэгжүүлж байгаа аж.Үүний үр дүнд Туул голоо хамгаалах, ууж буй усаа цэвэр тунгалаг байлгах, иргэдийн оролцоо идэвхижиж,нийслэлийн иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоол гаргах санаачлагыг дэмжиж 300 гаруй мянган иргэн аянд нэгдэж гарын үсгээ зуржээ. “Ус” үндэсний хөтөлбөр болон бусад холбогдох баримт бичгүүдэд Туул голын талаар авч хэрэгжүүлэх зарим нэг заалт байдаг ч тэр бүр хэрэгждэггүй.

Тиймээс өнөөдөр 11.30 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Очирбат нарт “Хатан Туул ба цаг хугацаа” аяныг санаачлагч “Монголын Ногоон Суваг” –ын захирал Б.Батзул иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангахыг хүссэн бичгийг гардууллаа. Тэрээр “Дээрхи 300 мянга гаруй иргэний санал санаачлага бүхий гарын үсгийг хүлээн авч судлан ажил хэрэг болгохыг “Хатан Туул ба Цаг хугацаа” аянд нэгдсэн иргэдийнхээ өмнөөс хүсье” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Энэ асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоол гаргах эсэхийг ярилцаж байж шийднэ. Туул голоо хамгаалахад анхаарлаа хандуулах шаардлагатай” гэж онцолж байв.