Уул уурхайн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр үдээс өмнө Төрийн ордны хуралдааны Г танхимд хийсэн хэвлэлийн бага хурлаараа уул уурхайн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тодорхой шаардлага хүргүүлэх гэж байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр ярихдаа "Эмх замбараагүй, бодлого төлөвлөлтгүй уул уурхай монгол орныг хамарч байна. Өмнийн говийн уул уурхайн асуудал ч олон нийтийн сэтгэлд хүрэхгүй, эдийн засаг өсөөд байгаа гэсэн атлаа ард түмний амьдрал сайжрахгүй, цөөн хэдэн компани гадныхантай хуваан эзэмшиж, ашиг орлогоо арвижуулж байна.Манай орны ойн нөөцийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг, Монголын Швейцари гэгддэг Хөвсгөл нутаг руу уул уурхайнхан хошуурах хандлага нэмэгдэж байна.
Тухайлбал, нутгийн иргэдээс Хөвсгөл нуур, түүний сав газарт сөрөг нөлөөтэй Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаж эхэлсэн тухай мэдээллийг надад ирүүлж байгаа. Манай нутгийн иргэд төрийн хяналтгүй, эмх замбараагүй уул уурхайг нутагтаа оруулахгүй гэсэн саналтай байгаагаа надаар дамжуулан Засгийн газарт уламжилсныг олон нийтэд сонордуулж байна. Ийм нөхцөлд эн түрүүнд уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулж ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Бат-Эрдэнэ зэрэг бидний хэдэн гишүүн энэ ажлыг хийгээд сүүлчийн шатандаа явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч хуулийн төсөл өргөн барих байх.Хоёрдугаарт, уул уурхайн салбарын ойрын болон дунд хугацааны хөгжлийн нэгдсэн бодлогыг Засгийн газраас боловсруулан гаргаж, энэ олон уурхайн нөөцийн хэмжээг тогтоон, аль уурхайг нь хэзээ, хэрхэн ашиглах талаар хүн ардынхааа амьдралтай уялдуулан нарийн төлөвлөж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна" гэсэн юм.
Ерөнхий сайдад хүргүүлж буй шаардах бичгийг нь сийрүүлбэл:
“Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хэмжээ өсч ДНБ-ий 30%, экспортын 85%-д хүрсэн нь уул уурхайн салбар цаашид манай орны хөгжилд голлох байр суурь эзэлнэ гэдгийг харуулж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрийн 24.5 хувьд ашиглалтын 1096, хайгуулын 3659 тусгай зөвшөөрөл олгосон гэсэн албан ёсны мэдээ байна. Гэтэл тусгай зөвшөөрөл авсан манай компаниуд энэхүү зөвшөөрлийнхөө нилээд хэсгийг гадаадын компаниудад худалдаж байгаа нь улс орны уул уурхайн салбарын цаашдын хөгжилд гадны нөлөө бий болгох, улмаар хяналт тогтоох сөрөг үр дагаврыг авчрах байдал ажиглагдах боллоо. Ялангуяа одоо ашиглагдаж эхэлж буй ордууд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт, төлөвлөлт дор ашиглалтын үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа нь илт байна.
Тухайлбал, Өмнийн говийн бүтээн байгуулалтыг төрөөс байгаль орчны болон нийгэм, эдийн засгийн дэд бүтцийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр зохицуулсангүй. Уурхай бүр хил рүү зам татаж, газар шороогоо нүхэлж, хүнд даацын машинаар тахалж, тоосон дунд хүний амь эрсдэж, зорьж очих иргэддээ чиглэсэн нийгмийн дэд бүтэц байхгүй байна.Монгол улс нүүрсний нөөц баялгаараа л гэхэд дэлхийд эхний 15-д багтдаг. Харин нүүрс экспортолж буй манай компаниуд үнэ, ханш дээрээ нэгдсэн бодлого барьж чаддаггүйгээсээ ихээхэн хэмжээний орлого олох боломжоо алддаг гэх мэт олон жишээг дурдаж болно. Хамгийн ноцтой нь гадны хөрөнгө оруулалттай ордуудад манай иргэд харийнхнаас дор нөхцөлд ажиллаж, эрх ашиг нь хохирч байгааг төр анхаарах цаг болжээ.
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой төрийн байгууллагууд маань эрх мэдэл, мөнгөний хүлээсэн дор хүчин мөхөсдөж байгаа нь харагдаж байна. Энэ бүхэн төрөөс уул уурхайн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт гаргахгүй, урсгалаар хандаж ирсэнтэй шууд холбоотой юм. Цаашид ийм байдлаар өрнөвөл байгалийн баялаг маань эзэн нь болсон Монголын нийт иргэддээ хүртээмж багатай, гадныхантай сүлбэлдсэн хэсэг бүлэг хүмүүст ашигтай, харийнханд олз ашиг болоод өнгөрөхөөр байна.
Магадгүй эмх замбараагүй ашиглах нь луйвардах бололцоо олгодог байж мэдэх юм. Ер нь өвөг дээдэс маань бидэнд ийм их баялаг үлдээж өгсний зохих хэсгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний үүрэг учраас хамаг баялгаа бүгдийг нь одоо ашиглах эрх бидэнд байхгүй.Иймд Засгийн газраас Уул уурхайн хөгжлийн нэгдсэн бодлого, ерөнхий төлөвлөлтийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар оруулж, батлуулах арга хэмжээг авах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танд хүргүүлж байна” гэжээ.