“Хүүхэд нохойн доог болдогоо хэзээ” зогсоох юм бэ
Хоёрдугаар сарын 16-ны пүрэв гаригийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуулт асууж, байр сууриа ийнхүү илэрхийлэв. Би баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлээгүй УИХ-аас томилогддог төрийн албан тушаалтантай хариуцлага тооцох эрх, үүрэгтэй. Хэзээ ингэдэг болох юм бэ гэж УИХ-ын ЭЗБХ-оос асуумаар байна.
Бараг хоёр жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сарын 8-нд УИХ-аас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах 39-р тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд гурван үндсэн гол заалт бий. Үүнд, Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулж, 10 хувийг үнэгүйгээр нийт иргэддээ, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх, 30 хүртэлх хувийг Хөрөнгийн бирж дээр гаргаж, энэ ордыг ашиглах санхүүжилтийг босгох гэсэн шийдвэр юм. Харамсалтай нь энэ тогтоол гарснаас хойш жил найман сар аль хэдийнэ өнгөрчихсөн байна. Энэ хугацаанд Засгийн газар энэ хуулийг . хэрэгжүүлэхийн төлөө юу хийснийг ЭЗБХ тунгааж ярилцсана уу.
Миний сонссоноор энэ тогтоол гарснаас хойш Засгийн газрынхан хил дамнаж Тавантолгойн ордын тэдэн хувийг танай улсад өгье гэж дамын далд наймаа ярьж явсан гэсэн. Тэгээд энэ ордын тэдэн хувийг танай оронд өгнө гэж амласан нь хэвлэл мэдээллээр гарсан. Бид одоогоор ямар ч оронд баялгаа зүгээр өгөх тийм өр байхгүй. Энэ яаж байгаа юм бэ. Стратегийн ордын тодорхой хувийг хэдхэн доллараар зүгээр өгч болох хууль тогтоомж манай улсад байхгүй. Энэнээс болоод Манай улсын гадаад бодлогод зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй. Харин хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцааг хязгаарлалттай нөхцлөөр гол түншүүд худалдаж авах нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Энийг байнгын хороо юу гэж үзсэн бэ. Ийм хариуцлагагүй үйлдлийн эзнийг байнгын хороо олоход анхаарч ажилласан уу. Харин дараа нь Засгийн газрын хууль зөрчсөн, хариуцлагагүй энэ үйлдлийг ҮАБЗ-өөс холбогдох хуульд заасны дагуу зогсоосон гэсэн.
Засгийн газар тогтоол батлагдаад 2 жил болж байхад дорвитой хийсэн ажил байхгүй учраас, 2012 оны Төсвийн тухай хуулийг 2011 оны 11 дүгээр сарын 31-нд батлахад, 2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бүх иргэдэд энэ ордын 1 сая төгрөгтэй хувьцааг хувиарлах шийдвэрийг гаргасан. Тэгээд энэ хувьцаагаа бэлэн болгох иргэдэд зориулж 334 тэрбум.төгрөгийг төсөвт суулгасан. Гол нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 334.000 иргэнд 1 сая төгрөг олгож болно гэсэн үг. Гэтэл өнөөдөр хоёрдугаар сарын 18, 1.8 жилийн өмнө баталсан нөгөө 39-р тогтоолоо УИХ яриад сууж байна. Энэ нөгөө “Их санасан газар есөн шөнө хоосон хонуулна” гэдэгтэй адилхан утгагүй явдал болж байгаа юм биш үү.
Тэгвэл хууль мэддэггүй, хэрэгжүүлдэггүй Засгийн газар энэ ордын коксжих нүүрсний 20 дөхүү хувийн нөөцтэй Ухаа худагийг хууль бусаар тасдаж аваад, аль хэдийн эдийн засгийн эргэлтэд оруулж олон зуун сая доллар босгочихоод, хээв нэг гэдсээ илээд, дараагийн стратегийн ордыг яаж будлилах вэ гэж бодод сууж байж магадгүй.Тэд өнгөрсөн хугацаанд Хамтарсан засаг нэрийн дор тэд өөрсдийгөө л баяжуулах ажлаа хийсэн юм биш үү гэж дүгнэхээс өөр арга алга. Энийг байнгын хороо юу гэж үзэж байна, яагаад дуугарахгүй ирсэн юм бэ.
Эдийн засагч, судлаачдын дүгнэж буйгаар Ухаа худагийн хувьцааг урьдчилан хөрөнгийн бирж дээр гаргаснаар үлдэж буй том Тавантолгойн ордыг ашиглах компанын үнэ цэнэ буурна.Тодруулбал иргэдэд очих хувьцааны үнэ бага байна. Энэ хохиролыг хэн барагдуулж, хариуцлагыг хэн үүрэх вэ? Яахаараа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордоос хувьдаа тасдаж авч эргэлтэд оруулахдаа, яагаад нийтэд нь эдийн засгийн эргэлтэд оруулаагүй юм бэ гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.
Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой УИХ, УИХ-ын гишүүд Засгийн газраас сонгоддоггүй биз дээ. Харин ч Засгийн газраар УИХ-аас баталсан тогтоолыг УИХ хэрэгжүүлүүлэх эрхтэй, яагаад энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байна вэ?. 39-р тогтоолыг УИХ хэдэн жил ярьж жүжиг тоглох болж байна.
Олон түмнийг олон удаа хуурах боломжгүй гэдгээ ойлгох цаг болсон. Эцсийн эцэст одоо энд ард түмний өмч болох байгалийн баялгийн орлогоос “Эх орны хишиг” нэрээр бэлэн мөнгөөр үү, “Эрдэнийн хувь” гэдэг нэрээр хувьцаагаар иргэддээ жаахан юм хүртээх үү гэдгийн төлөө байлдаж байна. Энэний төлөө 3 жил хэрэлдлээ, үр дүн хаана байна. Энэ нь нэг л зоосны хоёр тал гэдгийг иргэд аль хэдийнэ олйгочихсон. Энэ бол монгол маягийн улстөржилт гэдгийг.
Гэтэл 1.5 саяыг бэлэн мөнгөөр олгочих гэхээр мөнгө нь хүрэлцэхгүй байна. Энэ амлалтаас болоод хойч үеэ хангалттай өртэй болгочихсон байгаа. Энэ сар бүр олгодог "хоёр шил Чингис архины мөнгө" чинь архидалтыг заримдаа дэмждэг гэж ярьдаг. Энэ үнэний ортой. Хувьцаа, хувьцааны ноогдол ашгаар нэг удаа овоо хэдэн төгрөг иргэн бүрт очвол тэд ирээдүйдээ ашигтай зүйлд зарцуулах нь ойлгомжтой.
УИХ нь УИХ шиг байвал Засгийн газар хариуцлагатай сайн ажилладаг. Ингэж чадахгүй байсаар байна. Энэ хоосон улстөржилт чинь "хүүхэд, нохойн доог" болж байна шүү. Энэ увайгүй байдлаа хурдан засахыг иргэд сануулсаар байна. Нэгийг бодооч ээ.
ЭЗБХ-ны дарга Р.Буд "Д.Ганхуяг гишүүн үнэнийг ярьж байна. Гол нь Засгийн газраас хариулуулмаар байна" гэж хариулав.