Баянхонгорчууд сонгох эрхээ хамгаалахаар нийслэлд иржээ
2016.04.18

Баянхонгорчууд сонгох эрхээ хамгаалахаар нийслэлд иржээ

Баянхонгор аймгийн иргэд Улаанбаатарт иржээ.

Тэд аймагтаа Нутгийн ордныхоо өмнө жагсаал хийн, бидний сонголтоор бидний дуу хоолой болохоор төрд зүтгэж байгаа гишүүнийг маань яагаад ийм байдалд оруулах болов гэдгийг төрийн гурван өндөрлөгөөс лавлаж захидал ч илгээж. Гэхдээ захидлынхаа хариуг ч авч амжилгүй хот руу яаравчлан хөдөлж. Магадгүй хэзээ ч хариу ирэхгүй ч байсан байж мэдэх. Тиймээс хотод ирж захидлынхаа хариуг авахаар болж, сэтгэл зүрхээрээ нэгдсэн гэдгээ ч дуулгалаа. Гэхдээ юу юугүй жагсаал цуглаан хийлгүй эхлээд захидлынхаа хариуг авъя. Гишүүнийхээ амнаас энэ бүхний тухай сонсоё. АН-ын даргатай уулзая. 

Хэрвээ энэ хүний сонгогдох эрхэнд халдах гэж байгаа бол бид хамгаалья. Сонгох эрхийнхээ төлөө тэмцье. Бид энэ хүнд итгэл хүлээлгэж сонгодог шигээ Ерөнхийлөгчид нь итгэл хүлээлгэсэн. Ерөнхийлөгчийнхөө үгийг бас сонсмоор байна. Жиргээчидтэй уулзсан юм чинь хол нутгаас зорьж ирсэн биднийг хүлээж авч, магадгүй бидний үгийг сонсох байх гэж итгэж ирсэн  гэцгээж байлаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар иргэд сонгогчдынхоо төлөөллийг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонссон байна. 
Ингээд Баянхонгор аймгаас нийслэлд ирээд буй зарим иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

С.Баярсайхан: MCS аймаг бүрт төлөөлөлтэй болох сонирхолдоо хөтлөгдөн сонгуульд захирлуудаа дэвшүүлсээр байна

/Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн/

Манай Баттулга гишүүн бол Баянхонгорын төдийгүй Монгол Улсын төлөө зүтгэж байгаа цөөхөн гишүүний нэг. Баянхонгорчуудын маань дийлэнх нь эх оронч үзэлтэй байдгийн хувьд Баттулга гишүүнээр дамжуулан эх орноо хамгаалах үйлст гар бие оролцож байгаа гэсэн үг. Энэ даваа гаригт Баянгол дээр болсон үйл явдлыг олон нийтийн сүлжээнээс хараад Баянхонгороос сургалтанд суухаар хотод ирсэн 46 хүн бүгд тэнд очсон. Нэгдүгээрт, нөхцөл байдлыг ажиглах гэж хоёрдугаарт хэрвээ янз бүрийн юм болбол гишүүнээ хамгаалж өмгөөлөхөд ч бэлэн байлаа. Монголчуудын маань нийт олонхи нь энэ хүнийг дэмждэг, итгэдэг, итгэсээр ч байх болно. Монголчууд маань МCS монгол гэсэн хоёр  хэсэгт хуваагджээ гэдгийг ч бид харж байна. Гадны гар хөл болж Монголыг хувааж идэх хүсэлтэй хэн бүхнээс Баттулга тэргүүтэй хүмүүс Монголоо аврахын төлөө, улс төрийн нөхцөл байдлыг зөв гольдиролд оруулж, баялгийн зөв хуваарилалтыг бий болгох л гэж тэмцэж байна. Ер нь, MCS аймаг бүрт өөрийн төлөөлөлтэй болох сонирхолдоо хөтлөгдөн сонгууль бүрт төлөөлөө оруулдаг болж.

Жишээ нь, манай аймагт MCS-ийн дэд ерөнхийлөгч Элдэв-Очир гэж хүн МАН-аас дэвшинэ гээд явж байгаа. Тэр хүн ноднингоос хойш судалгаа гаргаж, шоу энэ тэр зохиож явсан. Ганбат гишүүнийг бидон тарааж байна гэж баахан оролдсон. Өөрөө ч юм хум тараасан нь үнэн. Эцэст нь, Баттулга гишүүний нэрийг татуулах нь хүслээ гүйцээх гэж ингэж зүтгэж байх шиг байна. Монгол Улсыг ард түмэнтэй нь эрх мэдэлтэй нь баялагтай нь гадныханд өгөх сонирхолтой хүмүүс байна.
Баттулга гишүүнийг Шинэ сум төслөөр нь оролдох сонирхол байгааг бид хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсад анх удаа цогцоор нь сумын төвийг шинэчилж болдгийн үлгэр жишээ бол манай хоёр сум. Сумын төв бол иргэддээ ойр тохитой байх ёстой, иргэн төрийн үйлчилгээгээ тохитой тухтай, сайхан орчноос авах ёстой гэж үзээд энэ төслийг санаачилсан байх.  
Өмнө нь бид ганц сургуулиа тордох гэж өчнөөн төгрөг зарцуулдаг байлаа. Одоо ч зарим газарт ийм л байгаа. Хаалгыг нь засахаар дээвэр нь, дээврийг нь засахаар хана нь гээд ... Сумын төвийн нөхөөс авахаа байсан байшинг хэрэггүйг нь буулгаад сумын төв гэж ийм л стандарттай, суурин газар байх боломжтой шүү гэдгийг олж хараад л эхлүүлсэн төсөл. Энэ бол зөвхөн ард түмний төлөө хийсэн ажил. Улаанбаатарт ийм байшин байдаг гэнэ лээ хэмээн ярьдаг байсан хөдөөгийнхөн өнөөдөр өөрсдөө тэр байшиндаа орж суугаад ажиллаж, төрийн үйлчилгээ авч байна.

М.Содномсамбуу: Социализмын үеийн бурангуй дэглэм эргээд ирж байна уу


/Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн/

Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд МоАХ-ны салбар зөвлөлийг анхлан байгуулсан 11 гишүүний нэг. Манай аймгаас сонгогдсон Баттулга гэдэг хүүхэд бол ард түмний газар шороо, хөгжлийн төлөө аргагүй л ажилласан. Тийм ч учраас Баянхонгорчууд гурван удаа сонголоо. Аймгийнхаа  ард түмний итгэлийг хүлээсэн түшээ. Энэ 76 дотор манай хүн шиг эх орон эх нутгаа гэсэн хүн байна уу, үгүй юу. Өнгөрсөн нэг дэх өдрийн үйл явдлыг зурагтаас хараад элэг зүрх маань шимшрээд ирлээ. Энэ явдлыг хараад бүүр эртний хэлмэгдүүлэлт яах аргагүй санаанд буусан. Их зэрлэг маягийн юм боллоо. Биднийг 1990 онд тэмцэж байхад хамгийн иргэнлэг, иргэний эрх ашгийн төлөө нийгэм байгууллаа гэж Элбэгдорж өөрөө уриалан дуудаж байлаа. Гэтэл өнөөдөр өөрөө төрийн толгойд гарчихаад байдаг.

Энэ нийгэм ч их л эвгүй байдалд орчихлоо гэж бодоод уулзая, үгээ хэлье гээд нутгаасаа ирлээ. Манай гишүүн бол Монгол орныхоо төлөө, зүүн баруун талд нь аль алинд нь л юм хийлээ. Ард түмэн үүнийг үгүйсгэхгүй гэж бодож байна. Баянхонгорчууд энэ хүний нэр төрөөр оролдоод, ахиад нутагт нь дэвшүүлэхгүй гэж зүтгэж байгаа хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй, тэмцэнэ. Ахмадууд маань үнэхээр харамсч байна. Хэдэн жил энэ хүн ахмадуудынхаа сэтгэлийг сайхан өөдрөг байлгаж ажилласан юм шүү. “Даанч яав аа. Социализмын үеийн бурангуй дэглэм ахиад эргээд ирж байна уу. Энэ хүүхэд хэлмэгдэх вий дээ...” гэж ахмадууд маань үнэхээр эмзэглэж, шогширч байна. Би хувьдаа тэдний төлөөлөл болж, үгээ хэлэх боломж олдоно гэж бодоод ирлээ.

Миний бодлоор шүүх засаглал маань 1990 онд бид­ний тэмцэж олсон ардчил­сан нийгэмд тохирохгүй байгааг харж байна. Нэг компанийн санхүүд үзлэг хийх гэж байгаа цагдаагийнхныг хар л даа. Хүчний байгууллага буу зэвсэгтэй, түрэмгий байд­лаар ингэж шалгалт хий­дэг хэрэг үү. Ардчилсан хувьс­галаас өмнөх 70 жилд тохиосон хэлмэгдүүлэлт, хууль хүчнийхний түрэмгий бай­дал 1990 оноос хойш ахиад гарахгүй гэж бодож байтал ердөө 26 жилийн дараа ийм эвгүй байдалд хүрчихлээ. Ерөн­хийлөгч маань ард түмнээс сонгогдсон хүн. Гэтэл яг сонгууль дөхөж байхад хэнээр нь ингэж оролдоод байгаа хэрэг вэ.

Сонгуулийн жилд яагаад заавал ийм байдал үүсэв. Өмнөх жилүүдэд нь юу хийж байв аа. Ард түмэн төрт ёсыг зөв байдалдаа ороосой гэж хүсч байна. Би Ерөнхийлөгчийн шударга байя гэж хэлснийг мэднэ. Сонгуулийн жилд ийм ажиллагаа явуулж байгаа нь шударга харагдаж байна гэж үү хэмээн өөрөөс нь асуумаар байна. Ард түмэн эмзэглэж байна. Ард түмэн сон­гуу­лиа өгч сурсан, улс төрийн бо­ловс­­ролтой болсон. Тийм уч­раас энэ бол улстөрийн ажил гэдгийг мэдэж байна. Ард­чилсан Ерөнхийлөгч маань ард түмнээ мал шиг үзэж бо­лох­гүй шүү. Та бол ард түм­нээс сонгогдсон ард түмний хүү. Тиймээс биднийхээ дээр гар­­­чихаад ийм увайгүй байдал гар­­гавал хүлээн зөвшөөрөхгүй шүү.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛОХ ВИЙ



Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн иргэн  Д.Цэцэгмаа:

-Аймгаас сонгогдсон хоёр гишүүнээ дэмжиж ирлээ. Сонгууль ойртсонтой холбоотойгоор гишүүнийг маань хэлмэгдүүлж байгаад харамсаж байна. Сая баривчлах дөхлөө. Ард түмэн хэн хэн бэ гэдгийг мэддэг юм байна. Хэдэн мянган хүн хоромхон зуур Баянгол зочид буудлын үүдэнд цугларсныг телевизээр харж байсан. Тэд бүгд Х.Баттулгыг өмөөрч тэнд очсон. Бид ч ялгаагүй хаа хол аймгаасаа ажил төрлөө орхиод ирлээ. Манай аймгаас гурван удаа сонгогдсон ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн түшээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт болох вий гэхээс айж байна. Ард түмэн хамт байгаа цагт бүү ай. Бид тантай хамт гэдгийг гишүүндээ хэлье. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялдаг.

И.Долгормаа: Газар шороо өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ бол бэлэглэдэг юм биш

 /МоАХ-ны гишүүн, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Баянхонгор дахь салбарын удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн/

Ардчилсан холбооны дарга Х.Баттулга Баянхонгор аймгийн ард түмний итгэлийг эвдэлгүй удаа дараа бидний дуу хоолой болохоор төрд сонгогдсон. Бид гишүүнийхээ бүрэн эрхэнд сөрөг нөлөө үзүүлээд байгаагийн учрыг ольё. Энэ асуудал яагаад зогсохгүй улам хүрээгээ тэлж өргөжөөд байгаа вэ гэдгийг мэдье. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын дарга үүнд анхаарлаа хандуулаач ээ. Яагаад ард түмнээ талцуулаад намуудын үйл ажиллагаанд оролцоод, яагаад ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэж үзэхгүй байна вэ. Өөрөө олуулаа байя, ардчилсан байя, шударга байя гэж тунхагласан мөртлөө яагаад нэг компанийн өмнөөс дуугараад байна вэ. Монголын газар шороог бурхан гуйсан ч бүү өг гэсэн үгийг хэлдэг мөртлөө яагаад өгөх гээд байна вэ гэдгийг мэдэх гэж Улаанбаатарт ирсэн. Энэ бүхэн бидэнд үнэхээр сонин сэтгэгдэл төрүүлж байна. Яагаад нэг талыг барьж яриад, худлаа тунхаглаад байгаа юм бэ гэдгийг өөрөөс нь асууя гэсэн зорилготойгоор журмын нөхөдтэйгөө хамт ирлээ. Баттулга гишүүний нэр хүндэд ноцтойгоор халдаж, сонгогдох эрхэд ноцтойгоор нөлөөлж байгаа асуудалд ч гэсэн хариулт авья. 

Өнгөрсөн нэг дэх өдөр болсон процесст үнэхээр эмзэглэлээ. Яагаад хууль хүчнийхэн Монголын төр засаг нэг талыг бариад шударга биш нь урагшаа явж шударга нь ухрахад хүргэнэ вэ. Газар шороо гэдэг өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ бол бэлэглэдэг юм биш. Энэ асуудал 2008 онд ч яригдаж байсан. 2012 онд  ч яригдаж л байсан. Гэхдээ энэ жилийнх шиг дээд цэгтээ хүрч байсангүй. Бид саяхан Баттулга гишүүн Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзахад байр сууриа илэрхийлж байсан. Баттулга гишүүн маань “Тавантолгой бол нэг компанийн биш бүх ард түмний өмч” гэж хэлснийг бид дэмжиж байна.

Энэ хүний ард Монголын газар шороо гэсэн нэг л эрх ашиг байгааг бид мэддэг юм шүү. УИХ-ын гишүүнийг цагдаа, хүчнийхэн шалгадаг л байлгүй. Гэхдээ хуулийн дагуу энэ бүх ажиллагаа явагдах ёстой биз дээ. Яагаад дээрээс өгсөн чиглэл гэсэн үгээр л ам хаагаад байгаа юм бэ. Баттулга гишүүний хийсэн ажлуудыг цаг хугацаа харуулж байна, цаашдаа ч харуулна. Хэрвээ нам энэ хүнийг Баянхонгорт дэвшүүлэхгүй бол бид өөрсдөө гарын үсэг цуглуулаад дэвшүүлье. Гаргаад ирнэ шүү дээ. Бид өөрсдийн хүслээр хотод ирсэн хүмүүс өөрсдөө  зорилгоо дэвшүүлээд тэмцэнэ. Манай аймгийнхан сонгосон гишүүнийхээ хийсэн, хийх гэж байгаа ажлыг дэмждэг. Гэтэл яагаад ард түмний сонгосон энэ хүний сонгогдох эрхэнд халдахыг хүсээд байгаа юм бэ. Яагаад гэсэн асуултанд хариулаач ээ гээд төрийн гурван өндөрлөгт захидал ч илгээсэн. 

Хариу ирээгүй учраас ингээд хотод ирцгээлээ. Манайх нутгийн ордныхоо өмнөх талбайд жагсаал хийгээд МоАХ-ны салбар зөвлөл, намын гишүүд, ард түмний төлөөлөл оролцоод захидал илгээсэн юм. Бид ажлын хэсэг байгуулаад шаардах бичиг явуулсан. 

Г.Батнасан: Энэ шалгалт, Энхбаярын баривчилгаа хоёр арга барилын хувьд адил байгаа нь сонин

Баянхонгор аймгийн иргэн

-Х.Баттулга гишүүний эсрэг “Нүүрсчдийн нам”-аас гадна нэр бүхий улс төрийн томчууд нүүдэл хийж байгаа гэлцэх юм?

-Би гайхаж байна. Элбэгдорж гэдэг хүн Монголоосоо урвачихсан юм уу, нөгөөх ардчиллаасаа ухарч байгаа хэрэг үү. Угтаа төр, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх учиртай хүний нэр энэ мэт хууль, цагдаагийнхны явуулж буй үйл ажиллагааны ард дандаа дурдагдах боллоо. Дөрвөн жилийн өмнө Энхбаярыг аваад явсан, төд удалгүй өршөөл үзүүлээд сулласан.

Тэр ч бүү хэл ард түмний өмч хөрөнгөд хууль бусаар халдсан харь хүнийг ч цагаатгасан. Энэ байдал дөрвөн жилийн дараа дахин давтагдах дөхлөө. Би хувьдаа Энхбаярын идэж уусан гэх хэргийг одоо ч ойлгож ухаараагүй явна. Баттулгыг ч мөн адил идсэн уусан гээд байдаг өдий хүртэл яагаад нотлоод гаргаад ирдэггүй юм. Шалгаад, авч яваад хориод л байдаг. Тэр хүн өөрөө ч гүйж очоод шалгууллаа гэх юм. Гэтэл хийсэн хэрэг нь ил цагаандаа гарсан хэр нь огт шалгагддаггүй дархан эрхтэй хүн өчнөөн байна. Оффшор данстай Баяцогтыг яагаад шалгадаггүй юм, долоон хаустай гэх Баярыг яагаад шалгадаггүй юм.

Тэгсэн хэр нь Тавантолгойг Монголын ард түмний өмч гэж дуугарсан хүнийг л төрийн цагдаа, хүчнийхнээр далайлгаж дарамтлаад,заавал хэрэгтэн болгох гээд үзээд байдаг. Энэ бүх эзнээ олоогүй баривчилгаа, хяналт шалгалт бол ердөө л нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн арчаагүй арга. Зэр зэвсэг агссан тусгай хүчнийхэн аваад очихоор олон нийтийн хандлага өөрчлөгдөнө гэж төлөвлөсөн хэрэг. “Нээрээ ч идэж уучихсан юм уу” гэж дотроо бодож байгаа нь бий. Гэхдээ ямар ч эрх дархтан байгаад үнэнийг өөрчилж чадахгүй. Эзний алба ээлжтэй ч гэдэг. Хэргийн учир зангилаа удахгүй тайлагдаж хэн нь хэн болох нь харагдана. 

-Баривчилгаа хийх гэж очоод хүмүүс бужигнаад эхэлмэгц больчихсон, эмээ­сэн гэж харж байгаа нь бий?

-Шалгаж болноо, бид шалгуулдаг шүү дээ. Үгүй ядаж хэв журмын хэдэн цагдаатай ирвэл нэг өөр. Гэтэл маш онцгой нөхцөлд дайчлагддаг тусгай хүчнийхэн байдаг нь ямар учиртай юм. Хэдэн цаас гүйлгэж харахын төлөө тусгай хүчнийхнийг дагуулж очдог ч гэж юу байхав. Тийм хууль, журам ч байдаггүй юм билээ. Тэгэхээр өөр зорилготой очсон нь мэдээж. Хэвлэлийнхэн ч ээлжит баривчилгаа хийгдэх нь гэж харж байсан. Тиймдээ ч Баянголын үүдэнд овоорчихсон хэрэг. Ичсэн хүн хүн ална гэж нөгөөх сүр бараа болсон улс нь ч очсон зорилгоо өөрөөр тайлбарласан юм болов уу даа. Тусгайгийнхныг дагуулж очсоноо “эсэргүүцэл үзүүлж болзошгүй хэмээн сэргийлсэн” гэх байдлаар тайлбарлаж байгаа юм. Оффисын ажилтай хэдэн хүн хууль, хүчний өмнө сөрж зогсохгүй нь ойлгомжтой. 
Хэнтэй буудалцах гээд байгаа юм. Эсвэл Баттулга гэдэг хүн чинь тийм айхтар цэрэг, армитай юм уу. Тэгэхээр асуудлыг аль болох томоор харж, дүгнэж цэгнэх хэрэгтэй юм. Юманд өнгөц хандаж, гаднах байдалд нь хууртаж болохгүй. Учиргүй сур дуулиан болгосон энэ шалгалтаар хий хоосон хардлага төрүүлэх гэсэн хэрэг.

-Ингэж ээлж дараалан баривчилгаа хийж, шалгалт явуулж байгаа нь цаагуураа Баттулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зорилготой гэж харж байгаа хүмүүс олон. Энэ нь хэнд ашигтай вэ гэдэг асуулт урган гарч байна л даа?

-Ер нь олон хүний амнаас сонслоо. Баттулга гэдэг хүнийг их хуралд гаргахгүй байх, мөн 2017 оны сонгуулиар Ерөнхийлөгч болчихож магадгүй хэмээн эмээсэндээ Энхбаяр шиг эртхэн дарж авъя, ямар нэг хэрэг үүсгэе гээд байна. Энхбаярыг 2017 оны наймдугаар сар хүртэл элдэв алба тушаалд орж болохгүй гээд яриад байгаа. Үүн шиг Баттулгыг нэг юмаар аваачиж хийчихээд тэдэн оны тэдэн сар хүртэл ямар нэг юманд орж болохгүй гэх гээд байх шиг. Дээр хэлснээр асуудлыг арай өөр өнцгоос, бүхэлд нь харвал энэ шалгалт, Энхбаярын хэрэг хоёрын арга барил адил байгаа биз. 

Д.Батдамба: Энэ төр эх орноо гэсэн хүмүүст 
дээлийг нь нөмрүүлдэг боллоо

“Баянхонгор таймс” сонины эрхлэгч

-УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар Баянхонгор аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлж 60 гаруй хүн хотод ирсэн гэлээ. Та бүхэн дээрх асуудалд ямар байр сууринаас хандаж байгааг сонирхвол?
-Удаа дараагийн баривчилгаа, учир шалтгаан нь үл олдох хяналт шалгалт, гүжир гүтгэлгийг харж сууж чадалгүй улс орны аюулгүй байдал, эв нэгдлийн төлөө үгээ хэлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэхээр ирлээ. Саяхных хүртэл монголчууд улс төр, нийгэм, цаг үеийн ороо бусгаа олон ээдрээт цаг үеийг даван туулж ардчилалтай золгосон. Улмаар жаахан уужирч, амьсгаа авах гэтэл 1937 оных шиг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр нөмөрлөө. Бидний эцэг эх, эмээ өвөө хэлмэгдүүлэлтийн сүүдэр дор, айдас хүйдэст автсаар 1990 онтой золгосон. Эмээ минь л гэхэд 1988 онд өөд болох хүртлээ айдас түгшүүртэй амьдарсаар бурханы оронд очсон.
Хэлмэгдүүлэлт гэгч зүйл хүнд нэг насны дарамт шахалт, айдас хүйдэс болдог төдийгүй үр хүүхдэд нь ч өвлөгддөг юм байна. Азаар үүнээс чөлөөлөгдөж, айдас хүйдэсгүй ардчилсан нийгэмтэй золголоо гэтэл үгүй юмаа. Ардчиллыг анхнаас нь дэмжиж, хүчин зүтгэж, үзэл бодлынхоо төлөө тууштай явсан олон эх оронч охид, хөвгүүдийг одоо ч хэлмэгдүүлж, улс төрийн золиос болгосоор байна. Энэ байдалд эмзэглэсэн Баянхонгор аймгийн мянга мянган ээжийг төлөөлж үгээ хэлэх гэж ирлээ. Үхтэл үр харам гэдэг. Миний адил үрээ гэсэн эх хүнийг ямар ч шалтгаангүй хорьж байгаад ядаж ганц удаа ч байцаалт авалгүй гаргачихлаа. Төр түмэн олноороо тохуу хийгээд байгаа юм уу. Эсвэл улс төрийн үймээн самууныхаа хөлд хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлээд байгаа юм уу. Угтаа нам, улс төр нь талцахаас илүүтэй монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаад эмзэглэж байна.Ийм ороо бусгаа, ундуй сундуй байдлыг зурагтаар хараад сууж чадаагүйдээ энэ хүмүүс эвлэлдэн нэгдсэн хэрэг.

-“Баянгол” зочид буудлын албан өрөөнд хийсэн шалгалтаас үүдэж нийгэмд багагүй үймээн дэгдсэн. Баянхонгорчууд энэ үйл явдлыг хэрхэн харж, хүлээн авав?

-Хүн болгон л айдас хүйдэстэй байлаа. Тусгай хүчнийхнийг дайчилж дөрвөн жилийн өмнөх шиг бариад явах нь гэж харж байлаа. Үүнээс үүдэж нийгэмд үймээн самуун дэгдэхвий, долдугаар сарын нэгэн шиг хотын төвд буун дуу хадаж, хүний аминд хүрэх вий хэмээн эмээж байлаа. Угтаа Баттулга гэх хүн хүнийхээ хувьд мөнгө төгрөг завшиж, хувьдаа идэж уух хүн биш гэдгийг гурван удаа сонгосны хувьд баянхонгорчууд бид мэдэхтэйгээ байна.

Бид ч Баянхонгороос төрийн түшээ болгон явуулахдаа диплом, мэргэжил боловсролыг нь харж байсангүй. Хүн шиг хүн гэдэг талаас нь гурван удаа итгэл хүлээлгэсэн,итгэлийг минь ч алдсангүй. Бидний харж буйгаар учир нь үл олдох удаа дараагийн баривчилгаа, шалгалт нэртэй хүн хүчээр далайлгасан ажиллагаа бол сонгогч бидний эрхийг уландаа гишгэж буйн баталгаа. Сонгууль болгоны өмнө ийм байдал үүсгэж, үймээн самуун тарьдаг.Үнэхээр эх орон газар шороогоо гэсэн нэгнээ ард түмэн дэмжихгүй бол ганцаардаад байна. Тиймдээ ч Баянхонгор аймгийн иргэд, сонгогчдын төлөөлөл хотод ирж, сонсдог чихтэй юм бол төрийн гурван өндөрлөгт дуу хоолойгоо хүргэх гэсэн юм.

-Энэ баривчилгаа, хяналт шалгалтуудыг Тавантолгойн гэрээний асуудалтай холбож тайлбарлах нь их байна. Энэ гэрээг гацаасан гэх шалтгаанаар Баттулга гишүүнийг шахаанд оруулж байна гэх нь бий. Иргэн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгч маань 26 жилийн өмнө ардчиллын туг, дарцаг нь болж, хувьсгалын үйл хэрэгт тэргүүн эгнээнд оролцсон, ардчилсан үзэл баримтлал, угшилтай хүн. Түүнчлэн, Ардчилсан нам ч төр барьж байна. Тиймдээ ч бид Ардчилсан оронд амьдарч байна гэж ойлгодог. Гэтэл айлд орж буу тулгаж дээлийг нь нөмрүүлээд аваад явдаг байсан ногоон малтгайтнууд шиг төр, ард түмнээ хэлмэгдүүлж, хоморголон баривчилж байна. Хоёрдугаарт, бид ардчиллыг жинхэнэ утгаар нь бий болгож чадаагүйг ойлголоо. Үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна. Аюулгүй, тайван орчинд амьдарч чадахгүй байна. 
Үнэн үг хэллээ гээд аваад явчихдаг юм бол ядаж иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Үнэхээр хараад байхад эх орноо гэсэн хүмүүсээ энэ төр дээлийг нь нөмрүүлдэг боллоо. Энэ газар шороон дор байгаа баялагт гадныхан гар хөлөө дүрэх сонирхол, эрх ашиг байгаа нь ойлгомжтой байна. Үүний эсрэг үг хэлсэн нэгнээ хэлмэгдүүлээд байвал монголчууд бид цөлмүүлсэн оронд, цөмүүлсэн боргоцой шиг хоцрох цаг удахгүй ирэх болов уу.
“Ардчилал” сонин