Х.Баттулга Баянхонгорт төдийгүй Монголдоо ихийг хийсэн хүн”
УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар түүнтэй уулзахаар Баянхонгор аймгаас 500 гаруй сонгогч нь иржээ.
Тэдний төлөөллийг “Сонгогчийн булан”-даа урьж, үзэл бодлыг нь сонслоо.
Х.БАТТУЛГА ХЭЗЭЭ Ч БУРУУ ЗҮЙЛ ХИЙХГҮЙ
Баянхонгор аймгийн гуравдугаар багийн иргэн Д.Баасанжав:
-УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймагт төдийгүй Монгол Улсад маш их зүйл хийсэн хүн. Бид гурван удаагийн сонгуулиар гишүүндээ итгэл хүлээлгэсэн. Цаашид ч сонгох, дэмжих шалтгаан олон байна. Ард түмний сонголт мэргэн байдаг. Одоогоор энэ хүний талаар элдэв, гүтгэлэг их явж байна. Х.Баттулга хэзээ ч буруу зүйл хийхгүй. Үүнд Баянхонгорын сонгогчид нь итгэлтэй байгаа.
ДАРААГИЙН СОНГУУЛЬД Ч Х.БАТТУЛГАА ДЭМЖИНЭ
Баянхонгор аймгийн уугуул, уран бүтээлч Ц.Чулуунхүү:
-Манай Х.Баттулга УИХ-ын гишүүн юм хийж болгодгийг үлгэрлэн харуулсан. Орон нутгийн удирдлагуудтайгаа маш сайн хамтран ажилладаг. Төрсөн аймгаа Монгол Улсын жишиг аймаг болгохоор өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их зүйл хийсэн дээ. Манай аймгийн нүүр царай их сайхан болсон. Хүнд аймаг орон нутгаа гэсэн сэтгэл байгаад бүтээх чадвар байвал ямар үр дүн гардгийг харуулж чадсан. Дахиад бидэнд энэ хүнээс өөр итгэл хүлээлгэх хүн байхгүй. Дараагийн сонгуульд ч Х.Баттулгаа дэмжинэ.
“ТАВАНТОЛГОЙ”-Н АСУУДЛААС БОЛЖ МАНАЙ ГИШҮҮНИЙГ ШАНТААЧИЛЖ БАЙНА
Баянхонгор аймгийн тавдугаар багийн иргэн Д.Ренцэнцэдэв:
-Энэ хүний хийж бүтээсэн ажлыг Баянхонгор гэлтгүй Монгол Улс даяараа мэднэ. Хоёр шинэ сум төсөл хэрэгжүүллээ. Мөн баруун бүсийн худалдааны төв гээд томоохон ажлыг хийсэн. Х.Баттулга гишүүнийг байх үед аймаг маань Улаанбаатартай хар замаар холбогдлоо. Зовж зүдрэх юмгүй давхиад ирдэг болсон байна. Энэ бүхэн манай гишүүний гавьяа. Тэгэхээр бид энэ хүний төлөө дуугарах ёстой гээд Баянхонгор аймгаас ирлээ. “Тавантолгой”-н асуудлаас болж манай гишүүнийг шантаачилж байна. Хоёр намын олигархиуд “Тавантолгой”-г дээгүүрээ хувааж идэж байна. Залуу хүний хувьд би их айж байна. Үр хүүхдэдээ бид юу үлдээх гээд байгаа юм бэ. Монголын залуучууд зөндөө дуугүй байлаа, одоо босох хэрэгтэй. Хамтдаа тэмцэх нь чухал байна гэж уриалмаар байна.
БАЯНХОНГОРЧУУД БҮГДЭЭРЭЭ ЭНЭ ХҮНИЙ ХАЙРЫГ АВСАН
Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн иргэн М.Содномсамбуу:
-Би ганцаараа биш. Баянхонгорчууд бүгдээрээ энэ хүний хайрыг авсан. Эх нутаг, эх орондоо бүтээн байгуулалт хийж чадаж байна. Түүнийг нь хүн бүхэн харж байна. Дэлхий харж байна. Гадаадаас ирсэн жуулчид 13 дугаар зуун, Цонжинболдогт очиж энэ хүний бүтээн байгуулалтаар нүд тайлаад гардаг. Гурван жил дараалан Х.Баттулгыг сонгосноороо Баянхонгор хөгжиж байна. Энэ хүнийг сонгосноороо Баянхонгорын ахмадууд сэтгэл өндөр явдаг. Энэ сарын 11-нд болж өнгөрсөн үйл явдлыг харсан ахмадууд маань “Атигар хүү минь юу болоод байна аа. Чи яваад үгээ хэлээд ирээч ээ” гэж хэлсэн.
ГИШҮҮН МААНЬ “АЙХ ЮМ БАЙХГҮЙ” ГЭЖ ХЭЛСЭН
Баянхонгор аймгийн иргэн Д.Оюун
-Х.Баттулга гишүүн маань Баянхонгор аймагтаа маш их зүйл хийсэн. Жишиг сум, Баруун бүсийн худалдааны төв, зам тавьсан гээд нэрлэж болно. Гэтэл сая их эвгүй зүйл боллоо. Тэгээд нутгийнхаа хүүхдийг дэмжихээр нутгаасаа ирлээ. Ирээд өөртэй нь уулзаж, арай сэтгэл амраад байж байна. Гишүүн маань “Би ямар ч хэрэг хийгээгүй, айх зүйл байхгүй, бүх зүйл ил тод байгаа. Айх юм байхгүй” гэж хэлсэн. Тэгээд сэтгэл амраад байж байна.
ХӨДӨӨД Ч САЙХАН АМЬДАРЧ БОЛНО ГЭДГИЙГ ХАРУУЛЖ ЧАДСАН
Баацагаан сумын Засаг даргын орлогч С.Энхтөр
-Тавантолгойн асуудлыг эсэргүүцэж байгаа ганц хүн нь манай гишүүн байгаа. Тиймээс энэ хүнийг ямар нэгэн аргаар ирэх сонгуульд оролцуулахгүй, УИХ-д гаргахгүй гэсэн атгаг санаатайгаар энэ үйл явдлыг зохион байгууллаа гэж бодож байна. Хийсэн ажлынх нь тухайд баянхонгорчууд төдийгүй монголчууд андахгүй. Монголд жуулчин ирлээ гэхэд үзэж харах цөөн хэдэн зүйлийн нэг нь Цонжинболдог байна. Шинэ сум барилаа. Хөдөөд сайхан амьдарч болдог юм гэдгийг харуулж чадсан. Тиймээс ирэх сонгуульд ч гэсэн баянхонгорчууд энэ хүнд итгэл хүлээлгэх нь дамжиггүй.
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЯРЬЖ БАЙСАН ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА
Баянхонгор аймгийн иргэн Б.Амарсанаа:
-Бид Х.Баттулга гишүүнд гурван сонгуулиар итгэл хүлээлгэсэн байгаа. Саяхан телевизээр шалгаж байна гэсэн мэдээллийг аваад гишүүнээ дэмжихээр ирлээ. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Баянхонгор аймагтаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн төлөө ажиллаж байсан. Одоо түүнээсээ ичиж байна. Түүний ярьж хэлж байсан ардчилал шударга ёс хаана байна. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Бүгд л бухимдалтай байна. Х.Баттулга гишүүн маань нутагтаа маш их бүтээн байгуулалт хийсэн. Та бүхэн очоод үзвэл түүний хийсэн ажлын багахан хэсгийг ч гэсэн мэдэж болно.
Х.БАТТУЛГЫГ БИД ӨМӨӨРНӨ
Баянхонгор аймгийн дөрөвдүгээр багийн иргэн H.Чулуундорж:
-Сонгогчийнхоо эрхийг эдлэхээр Улаанбаатарт тэртээ холоос ирлээ. Монгол оронд 1912, 1920, 1930,1965 онуудад улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан. Манай тойргоос сонгогдсон Х.Баттулгыг Ардчилсан хувьсгалын жилүүдэд их багаар хэлмэгдүүлсээр өдий хүрлээ. Монгол орон Баянхонгор аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Жишиг сум төсөл хэрэгжүүлж, Майдар төслийг эхлүүлсэн. Цонжинболдогт цогцолборыг байгуулсан гээд хэлээд байвал зөндөө ажил байна. Х.Баттулгыг би одоо ч өмөөрнө, маргааш ч өмөөрнө. Цаашдаа ч өмөөрнө үхсний дараа миний сүнс ч өмөөрнө.
ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАР МАШИН АЖЛААД ЭХЭЛСЭН БАЙНА
Баянхонгор аймгийн иргэн Ч.Сайнбилэг:
-Би Баянхонгор аймгийн жирийн иргэн. Шалгалт явуулахад заавал террорист үйл ажиллагаатай тэмцэж буй мэтээр бэлтгэсэн хуягтай хүмүүсээр хийлгэдэг нь олон нийтэд таалагдахгүй байдал үүсгэлээ. Хүнлэг энэрэнгүй шударга нийгэм байгуулна гэж 25 жил ярьсан. Энэ бүгд худлаа байсан юм уу. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг шоронгийн шалан дээр сүүг нь дусаалгаад хэвтүүлж байна. Шударга байя гээд байсан Ерөнхийлөгч өнөөдөр яагаад үгээ хэлэхгүй дуугүй хүлээгээд байгаа юм. Энэ хүнийг ингэж байгаад хэлмэгдүүлээд нөгөө шорондоо аваачаад хийчихвий гэж сэтгэл зовсон доо бид энд ирээд байна. 1937 оны хэлмэгдүүлэлт болчих вий. Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулаад 500-600 цагдаа бариад явчихдаг юм билээ. Хүчний байгууллагуудын хар машин ажлаад эхэлсэн юм биш үү.
УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛОХ ВИЙ
Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн иргэн Д.Цэцэгмаа:
-Аймгаас сонгогдсон хоёр гишүүнээ дэмжиж ирлээ. Сонгууль ойртсонтой холбоотойгоор гишүүнийг маань хэлмэгдүүлж байгаад харамсаж байна. Сая баривчлах дөхлөө. Ард түмэн хэн хэн бэ гэдгийг мэддэг юм байна. Хэдэн мянган хүн хоромхон зуур Баянгол зочид буудлын үүдэнд цугларсныг телевизээр харж байсан. Тэд бүгд Х.Баттулгыг өмөөрч тэнд очсон. Бид ч ялгаагүй хаа хол аймгаасаа ажил төрлөө орхиод ирлээ. Манай аймгаас гурван удаа сонгогдсон ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн түшээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт болох вий гэхээс айж байна. Ард түмэн хамт байгаа цагт бүү ай. Бид тантай хамт гэдгийг гишүүндээ хэлье. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялдаг.
ХӨРӨНГӨӨ АРД ТҮМЭНДЭЭ ЗАРЦУУЛЖ ЧАДДАГГҮЙ БАЯЧУУД Х.БАТТУЛГАД АТААРХДАГ
Баянхонгор аймгийн уугуул Ч.Доржпагма:
-Би Ардчилсан холбооны анхдагч. Х.Баттулгыг хүүхэд байхаас нь мэднэ. Энэ хүний аймагтаа хийсэн бүтээсэн зүйл хүн бүрийн нүдэнд ил. Хамгийн сайн чанар нь сэтгэл зөвтэй хүн. Монголынхоо ард түмний төлөө гэсэн сэтгэл нь үг, үйлдэл бүрт нь илэрдэг. Бусад эрх мэдэлтнүүд Х.Баттулга шиг ажилласан нь харагддаггүй. Ардчилсан холбооны анхдагч нарт хувиасаа 67 байр өгсөн. Тэгэхэд ах дүү нараа ч хардаггүй хүмүүс зөндөө байна. Хөрөнгөө ард түмэндээ зарцуулж чаддаггүй баячууд Х.Баттулгад атаархдаг болов уу гэж би боддог.Төрийн тэргүүн хүртэл энэ үйл ажиллагаанд оролцдог болжээ. Ард түмнийхээ төлөө гэсэн сайхан сэтгэл рүү нь ус битгий цацаач гэж хэлмээр байна.
АРДЧИЛЛЫГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСОН ХҮНИЙ НЭГ
Ардчилсан холбооны анхдагч Ц.Гээпилмаа:
-Би Баянхонгор аймгийн ардчилсан холбооны анхдагч. Х.Баттулгыг эртнээс мэднэ. Сая “Өвөржанчивлан”-д эмчилгээ хийлгэж байлаа. Гэтэл дөрөв хоногийн өмнө баривчлах гэж тухай дуулсан нутгийнхан хотод ирсэн гэж дуулаад эмчилгээгээ хаяад ирлээ. Миний сэтгэл энд иртэл сэтгэл зовж явлаа. Энэ хүн Ардчиллыг хөл дээр нь босголцсон хүний нэг. Мөнгө төгрөггүйгээр аливаа зүйл бүтдэггүй. Тэгэхэд Ардчилсан холбооны бүх үйл ажиллагааг энэ хүн л жигдрүүлсэн. Ардчиллын ордон тод жишээ. Ардчилагч нараас олон хүн энэ хүний буянаар орон гэртэй болсон. “Тавантолгой”-г МCS-ийн өрөнд өгөх гэж байсныг зогсоосон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шударга байцгаая гэсэн хэллэг хоосон зүйл үү. Хэлэхдээ гоё сайхан хэлчихээд хэрэгжүүлэхдээ буцаж болохгүй биз дээ.