76:49 буюу Парламентын өмнөө барих мэргэшсэн хуульч
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин
2016.04.14

76:49 буюу Парламентын өмнөө барих мэргэшсэн хуульч

 “76:?” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг онцолж байна.

- АМЛАЛТ

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2012 оны сонгуулиар намын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэж, парламентад суух эрхээ авч байлаа. Тийм болохоор хувьдаа ямар нэгэн мөрийн хөтөлбөр боловсруулж, элдэв амлалт өгөөгүй. Намын боловсруулсан мөрийн хөтөлбөрийг барьж, сонгуульд оролцсон. Намын мөрийн хөтөлбөр гишүүн бүрт, тэр дундаа жагсаалтад багтсанд нь бүр илүү хамаатай гэж үзвэл Х.Тэмүүжин гишүүний амлалт боломжийн хэмжээнд биелсэн гэж үзэж болно. 

  • -Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана.
  • -Төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ.   
  • -Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр түвшний уулзваруудыг шаардлагатай газруудад барьж байгуулна.  
  • -Хөшигтийн хөндийд шинээр баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгоно.  
  • -Аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ.  
  • -Аймгийн төв бүрт кино театр, фитнес төв, усан бассейн бүхий залуучуудын соёлын ордон байгуулна.  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг өөрчлөн зохион байгуулж хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Хөдөлмөрийн яам байгуулна.  
  • -1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсаныг ажилласанаар нөхөн тооцох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.  
  • Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчинг бүрдүүлнэ.  
  • Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг өөрчлөн зохион байгуулж хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Хөдөлмөрийн яам байгуулна.  
  • -Багш, эмч, инженер бэлтгэх асуудал дээр онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжинэ.
  • -Монгол иргэд ихээр зорчдог ОХУ, БНСУ, Япон, АНУ, Европын холбооны орнуудад зорчих визний нөхцлийг хөнгөвчилнө.
  • -Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.
  • -УИХ-д Өргөдлийн байнгын хороог байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулна.

Гэх мэтээр салбар болгонд чиглэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Түүнийгээ ч биелүүлсэн. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлогоо биелүүлсэн зарим жишээг дээр дурьдаж байгаа юм. Үүнээс гадна олон аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбосон. Мөн хууль эрх зүй, шүүхийн шинэчлэлтэй холбоотой өөрчлөлт хийх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэр дагуу олон өөрчлөлтийг хийжээ. Энэ өөрчлөлтийг хийхэд Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайд байхдаа хийсэн ажлууд чухал байр суурь эзэлнэ. Гэх мэтээр тоочоод байвал тэрбээр амлалтаа өндөр хувьтай биелүүлсэн байна. 

- АМЖИЛТ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн ам­жилт­тай ажилласан гишүүд­ийн тэргүүн эгнээнд Х.Тэмүүжин бичигдэх учиртай. Өмнөх дөрвөн жил намын нэр хүндийг өргөж, сайн ажилласан. Тиймдээ ч жагсаалтын дээгүүр бичигдсэн. Улмаар “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газарт орж, Хууль зүйн сайдаар ажилласан. Энэ хугацаандаа хууль зүйн салбарт жинхэнэ утгаараа шинэчлэл хийж чадсан. Хууль зүйн салбарт зайлшгүй хийх олон өөрчлөлт байсан. Түүнийг барьж авч, гардаж хийлээ. Уг нь “Шинэчлэлийн” Засгийн газар огцроогүй бол тэрбээр хууль зүйн салбарыг сайтар шинэчилж чадах байсан юм. Гэхдээ чамлахаар чанга атга. Багагүй өөрчлөлтийг хийж чадсан. Мөн санаачилсан, санаачлахад нь оролцсон, хэлэлцүүлсэн, батлуулсан хууль маш олон байгаа. Дандаа хууль зүйн салбарт хэрэгтэй хуулиуд. 


Галт зэвсгийн тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Хилийн боомтын тухай хууль, Тахарын албан хууль байна. Цаашлаад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль гээд хамгийн чухал хуулиуд дээр тэр ажилласан. Хамгийн сүүлд гэхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүний тэтгэврийн насыг тогтоох, шинэчлэл явуулах зорилготой хуулийн төслийг санаачилж, батлууллаа. Үүний ачаар улстөрчид тэтгэвэрт гарсныхаа дараа Үндсэн хуулийн цэцэд очиж суудаг, 70 гарч, 80 шахтлаа “тухалдаг” байдлыг таслан зогсоов. Зөрчлийн хуулийг гаргаснаараа гэмт хэрэг, зөрчил хоёрыг ялгаж, салгаж өгч байгаа. 

Зөрчлийн хууль Гэмт хэргийн тухай хуультайгаа зэрэгцээ байх ёстой. Тиймдээ ч Гэмт хэргийн тухай хуулиа ч бас баталсан. Энэ талаар албаны хүн  “Хүний эсрэг чиглэсэн  200 гаруй аюултай үйлдлийг Гэмт хэргийн тухай хуульд төрөлжүүлээд оруулчихсан. Харин нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, хориг, стандарт, нормыг зөрчиж байгаа үйлдлийг зөрчил гэж үзээд төрөлжүүлэн хууль болгон гаргаж байна.  Энэ төрөлжсөн хуульд 600 орчим зөрчил багтаж байна. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 220 гаруй хуульд байсан зөрчлийг нэгтгэж түүсэн гэсэн үг.  Ингэхдээ зөрчил бүрээ эрэмбэлж ялгах учиртай. Сахилга, ёс зүйн зөрчлийг энэ хуульд оруулахгүй. Төрийн албан хаагчдын зөрчилд тооцсон үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцоод явах боломжтой” хэмээн ярьж байлаа. Ийм л ач холбогдолтой хуулийг гаргасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байна. 

Хэдийгээр өөр хүний автортай хууль гэж байгаа ч Х.Тэмүүжин гишүүн бас оролцжээ. Энэ хууль гарснаас хойш замын хөдөлгөөний дүрэм мөрдөх жолооч нар ихэссэн. Яагаад гэвэл дүрэм зөрчвөл тооцох хариуцлага нь өндөр болсон учраас замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүй гээд яах билээ. Энэ мэтээр түүний санаачилсан, хуулийн төсөлд орж ажилласан ач холбогдолтой хуулиудыг тоочвол их. Ач холбогдлыг нь тоочвол цаг, цаас хүрэлцэхгүй. Х.Тэмүүжин гишүүн хууль зүй, цэрэг цагдаа, хүчний байгууллагад эерэг өөрчлөлтийн салхийг оруулж өгсөн. Илүү их өөрчлөлтийг ч хийх байсан юм. 

- АЛДАА
- ТЭНЭГЛЭЛ

Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайд байхдаа “Сайн ах” гэдэг нэр зүүгээд авсан. Учир нь тэрбээр Г.Сарангэрэл гэдэг охинтой нэр холбогдсон нь ийм тодотгол зүүхэд хүрсэн. Монголын хууль эрхзүйн салбарт их реформыг хийхээр залуу хүний зүрх зоригоор зүтгэсэн. Олон ч өөрчлөлт хийхээр идэвхтэй ажилласан. Энэ бүхэн нь цэрэг, цагдаагийн байгууллагын том цолтнуудын дургүйг хүргэсэн байх. Тиймдээ ч Г.Сарангэрэл гэдэг эмэгтэйг ашиглаж, Х.Тэмүүжин сайд руу дайрсан нь энэ. 

Энэ дайралтад нь өртөж, том алдаа гаргачихсан юм. Сүүлдээ өнөөх эмэгтэйг нь хар тамхины хэрэгт холбогдуулаад, бараг үйлдэл дээр нь баривчлаад. Телевизээр Х.Тэмүүжин сайдтай холбоотой байсан, сайн ах л гэж бодож байсан хэмээн яриулж дөнгөсөн. Ийм гоё зохиолтой үйл явдлыг зохион байгуулалттайгаар л хийж билээ. Х.Тэмүүжин гишүүн тухай үед өөрөө “Магадгүй, зохион байгуулалттай ч юм явсан байж магадгүй. Энэ хүн ийм юм байна, Тэмүүжинг таньдаг гэж байна, түүгээр нь далимдуулаад Тэмүүжинтэй тооцоо хийе гэдэг бодлого явж байгаа юм шиг байна” хэмээн ярьж байсан. 

Ерөнхийдөө бүх үйл явцыг харахад түүний таамаг нэг их хол зөрөөгүй. Ингэж л нэг том алдаа гаргасан хүн. Алдаа гаргах ч гэж дээ, хууль зүйн шинэчлэл эрх мэдэлтэй цэрэг, цагдаагийн дарга нарт таалагдаагүй учраас алдаа гаргасан болгож харагдуулсан байхгүй юу. Үүн дээр л жаахан анхааралтай байсан бол. Түүнээс бусдаар Х.Тэмүүжин гишүүн алдаж гишгээд, тэнэг үйлдэл хийгээд явдаг хүн биш. 

ИРЭЭДҮЙ

2016 оны сонгууль болоход хэдхэн сар үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар тэр иргэдийн итгэлийг дахин хүлээж, УИХ-ын гишүүн болж чадах уу гэдгийг таамаглах гээд байна. Ерөнхийдөө түүний ирээдүй гэрэлтэй л таамаглах гээд байгаа юм. Мэдээж жагсаалт руу бол орохгүй. 2012 онд жагсаалтаас гарсан учраас. Харин аль нэг тойрогт үзэх нь тодорхой. 

Хотод өрсөлдвөл олонхийн санал авах магадлал өндөр. Өнгөрсөн дөрвөн жилд түүнийг ямархуу сайн ажилласныг олон хүн мэдэж байгаа. Яахав, зарим нэг эх сурвалжийн “нисгэж” байгаа “бор шувуу”-ны хэлэх нь түүний Төв аймагт үзэж магадгүй гэх. Төв аймагт үзсэн ч ялалт байгуулахгүй гэх газаргүй л хүн. Олонд танигдсан, парламентын өмнөө барих мэргэшсэн хууль шүү дээ. Аль ч тойрогт очсон учраадаа тийм ч амархан өвдөг шороодохгүй л болов уу.