Монголын тэмээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа
2016.03.09

Монголын тэмээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “Монгол тэмээ-999” арга хэмжээ сайхан болж, говь нутгийн эрдэнэ болсон тэмээн сүргээрээ Монголчууд дэлхийд гоёлоо.

Нээлтэнд Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Бурмаа, шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон тэмээг өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалахад гар бие оролцож яваа улс, аймгийн сайн малчид оролцож өргөн дэлгэр сайхан арга хэмжээ боллоо. Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, хурдан тэмээ, шилмэл ингэ, шилмэл буур хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, тэмээ судлаач, уяачдын мэлмийг баясгасан юм. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэхэд чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд Өмнөговь аймгийн тэмээн сүрэг улсдаа тэргүүлж, 118 мянгад хүрсэн юм. 

Тэмээ, тэмээчдээ алдаршуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол тэмээ-999” арга хэмжээний хурдан тэмээний уралдаанд газар газрын 1115 хурдан тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа.

Их говийн ажилсаг хөдөлмөрч зон олон дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гайхуулж чадлаа. тэмээний уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн хурдан тэмээд хурдалснаас 1-р байранд Хүрмэн сумын Батсүхийн Баянмөнх, 2-р байранд Хүрмэн сумын Батчулууны Түмэнбаяр, 3-р байранд Цогт-Овоо сумын Санжаатогтохын Эрдэнэначин, 4-р байранд Цогт-Овоо сумын Даваадоржийн Алдарсайхан, 5-р байранд Хүрмэн сумын Тэрбишийн Дашнамжил нар тус тус шалгарч. Мөн энэ үеэр буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 19 баг тамирчид оролцсон байна. Баг тус бүр тэмээгээр ачаа ачиж, хангал тэмээг бугуйлдаж унагаан зогдор хяргаж түүгээр бурантаг томох даалгаварыг гүйцэтгэсэн байна. Мөн багийн нэг гишүүн буйл зорж хангал тэмээгээ бурантаглан туйлуулж ур чадвар , тэсвэр тэвчээр уран ухаанаа үзэгч түмэнд гайхууллаа. Буухиа тэмцээнд нэгдүгээр байрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Базархайрхан баг, 2-р байранд Булган сумын Хөсөгтөн баг, 3-р байранд Ханбогд сумын баг тус тус шалгарч, үзэгч олныг баясгалаа.

“Монгол тэмээ-999” арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн тэмээчин н.Эрдэнэ-Амгалангийн ингэ ботголсон нь хол, ойрын зочид, төлөөлөгчид, хурсан олны сэтгэлийг баясгасан үйл явдал болсон юм.
Элсэн шаргал нутгийн эрдэнэ болсон тэмээн сүрэг түм бумаараа өсөн үржих болтугай.