Хаврын тэргүүн сарын шинийн 4-нд мэргэшсэн нягтлан бодогчид золголтоо хийлээ
XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн гишүүд, дэмжигчдийн золголт хаврын тэргүүн сарын шинийн 4-нд ММНБИ-ийн байранд боллоо.
Цагаан сар бол Монгол түмний уламжлалт баяр бөгөөд энэ баяраар ахмад настнаа хүндлэн золгодог уламжлалтай билээ. Мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд ахмадуудаа хүндэтгэн дээдэлж МУ-ын Ардын багш Ж.Нямсүрэн, МУ-ын гавъяат эдийн засагч Л.Дондог, МУ-ын гавъяат эдийн засагч Б.Осоргарав, МУ-ын гавъяат эдийн засагч Б.Батжаргал, ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн нарыг хүндэтгэн золгож, өнгөрөн одож буй хонин жилийн амжилт ололтоо дүгнэн, ирж буй бичин жилийнхээ өнгийг тольдож, ажил үйлсээ ярилцлаа.
Улиран одож буй хонин жилд улс орны эдийн засгийн байдал хүндхэн байсан ч ММНБИ-ийн хувьд ажралгүй давж чадсан. Монгол Улсын “Аудитын тухай” болон “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн, үүнтэй холбоотойгоор төрийн зарим чиг үүрэг ММНБИ-д шилжиж ирсэн, олон улсын мэргэжлийн байгууллагын их хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн, Солонгосын МНБИ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан, АССА байгууллагаас МНБ-дод хөнгөлөлт үзүүлсэн зэрэг олон амжилтаар үдэж байна.
Гал бичин жилд институт байгуулагдсаны 20 жил, VI их хурлын түүхэн жил тохиож байгаа бөгөөд хүн бүр эв эеэ хичээн хөдөлмөрлөж чадвал илүү амжилтанд хүрнэ хэмээн ахмадууд захиж байлаа.