Мэндчилгээ
Нар сүлдтэй Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист, налайн суугаа Монгол түмэндээ урин цагийн элч, угтах ирээдүйн баясал сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
Улиран өнгөрч буй Модон хонь жилд УИХ-дахь МАН-ын бүлэг улстөрд зөвшилцөл, ойлголцол, эдийн засагт итгэлцэл, сэргэлт, иргэд хөдөлмөрчдөд таатай боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллаа.
Улс орныхоо алсыг харсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталж, алслагдсан аймгуудад татварын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Ард иргэдийн өдөр тутмын хэрэгцээ болсон шатахууны үнийг улсын хэмжээнд ижил болгож, хямдруулж эхэллээ. Дөрвөн цагийн элэлийг дагаж, эрдэнэт сүргээ дааж яваа малчин түмнийхээ тэтгэврийн насыг наашлуулж, зээлийн хүүг бууруулж чадлаа. Энэ мэт олон бүтээлч санал санаачлагыг ажил хэрэг болгосон, амжилт арвинтай нэгэн жилийг та БИД ХАМТДАА үдэж байна.
Элдвийн самбаатай бичин жил эр зоригтнуудад ээлтэй зүтгэвээс зол арвинтай байдаг тухай өвгөдийн сургаальд бичиж үлдээжээ. Айлчлан ирж 17-р жарны гал бичин жил Монгол түмэнд минь цог хийморь, зол самбаа дагуулсан сайхан жил болох болтугай хэмээн хүсэн ерөөж байна.
Монгол ахан дүүс минь Ахмад буурлуудаа хүндэтгэн, алдрай багачуудаа энхрийлэн, айл хотлоороо элбэг дүүрэн ерөөлтэй, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт