Ажлын хэсгийг Д.Ганбат удирдаж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2016.02.25

Ажлын хэсгийг Д.Ганбат удирдаж байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Ингэхдээ ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол нар багтжээ. Ажлын хэсэг нь чуулганы завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээж буй юм. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган эхлэхэд эдгээр төслийг ажлын хэсэг бүрэн боловсруулж дуусан, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд асуудалгүй болгосон байх ёстой.

Харин тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын дэд хэсэгт Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг нарын мэргэжлийн хүмүүс багтжээ.

УИХ-ын намрын чуулганаар Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор яаралтай батлан гаргах зайлшгүй хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл юм.

Уг төсөлд цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулсан юм.

Цагдан хорих ажиллагаанд шүүхийн зүгээс шуурхай, хараат бус, хөндлөнгийн хяналт тавих нь энэ үе шатанд дур зоргоор баривчлах, хорих болон зүй бусаар харьцах эрсдэлийг арилгах чухал хүчин зүйл учраас яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг хийхээр тусгасан аж. Шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор тусгажээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үнэлэх, хадгалах, хамгаалах, хүчингүйд тооцох, түүнчлэн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол хүсэлт гаргах, түүнийг хүлээн авах шийдвэрлэх журам. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл, хэсгээр тогтоож байсныг өөрчилж, гэм буруугаа сайн дураараа хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар явуулахаар тусгаж, энэхүү ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулах шаардлагыг  тусгажээ.

Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллахаар тус тус заагаад байгаа юм.