Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажлаа тайлагналаа
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2016.02.24

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2016.02.24/ хэвлэлийн бага хурал хийн Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган болон ээлжит бус чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хийсэн ажлын талаар танилцууллаа. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 55 асуудлыг хэлэлцсэн ба хуулийн төсөл 257, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн, санал, дүгнэлт 29, танилцуулга 5, зарчмын зөрүүтэй 324 саналын томьёолол тус тус бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлжээ. Байнгын хороо нийт 60 цаг 16 минут хуралдсан байна.

Байнгын хорооны тогтоолоор 15 ажлын хэсэг байгуулагдан 35 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажилласан хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан юм.

Тэрбээр, Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдол болонбайгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 134 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгсөн.

Байнгын хороо бие даасан 3 хууль үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Хууль зүйн байнгын хорооноос нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 254, хүчингүй болсонд тооцох тухай хууль 13, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 13-г тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан гэж мэдээлсэн.

Хууль зүйн байнгын хорооноос санаачлан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамд болон агентлагийн холбогдох албан тушаалтнуудад Хууль тогтоомжийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн талаарх сургалтыг Хууль зүйн яам болон НҮБ-ын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран зохион байгуулсан байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч болонПарламентын сэтгүүлчдэд зориулж танилцуулга, сургалтыг хийжээ.

“Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Хууль зүйн яам болон Олон улсын Санхүүгийн корпорацтай хамтран зохион байгуулж, Хууль тогтоомжийн тухай болон Захиргааны ерөнхий хуулиар Баянхонгор аймгийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдад сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан талаар Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдсан. Түүнчлэн Хүний эрхийн зөрчлийг бууруулахад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь сэдэвт уулзалтыг Хүний эрхийн дэд хороотой хамтран зохион байгуулжээ.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганаар нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний 12 нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал байсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат онцолсон. Тэрбээр, Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаас Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн гэлээ. Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох Ажлын хэсгүүдийг байгуулан чуулганы завсарлагааны хугацаанд дээрх Ажлын хэсгүүд ажиллаж байгаа гэж хэлсэн юм. Энэхүү мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа