Дэлхийн жишигт нийцсэн сурах бичигтэй боллоо
2016.02.05

Дэлхийн жишигт нийцсэн сурах бичигтэй боллоо

Хөдөлмөрийн яам Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр 2013 оноос хойш “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг хэрэгжүүлж буй.

Тэгвэл энэ хүрээнд, цахилгаан, механик, барилгын  мужаан, сантехникийн мэргэжлийн багш, суралцагчдад зориулсан багц сургалтын материал, сурах бичгийн анх удаа монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлснээ өчигдөр хүлээлгэж өглөө.

Олон улсын стандарт, шинжлэх ухаан, техникийн дэвшилд суурилсан онол, арга зүй, дадлага олгоход ач тусаа өгөх дөрвөн мэргэжлийн нийт 88 сурах бичгийг гардуулах ёслол Барилгын Политехник коллежид болсон юм.

Ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лангтри нарын албаны хүмүүс, багш оюутнууд оролцлоо.