Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэсэн юнеско-гийн батламжийг гардууллаа
Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2015 оны 12 дугаар сард Парис хотноо албан ёсоор гардуулан өгсөн билээ.
Уг батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг, Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт гардуулан өглөө.
Батламжинд: “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн дурсгалт, ариун газар шороог Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан болно. Түүнийг хүн төрөлхтний хамгаалан авч явах байгалийн өв гэж үзлээ” хэмээн бичжээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бурхан Халдун хайрханыг Дэлхийн өвд бүртгэж авсныг бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хийх талаар “Бурхан Халдуны тухай” гэсэн зарлиг гаргасан. Энэ чиглэлд БСШУЯ, БОНХАЖЯ нэлээд хөөцөлдөж ажилласан талаар цохон дурдсан юм.
Дашрамд сонирхуулахад ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монгол Улсаас нийт дөрвөн өв бүртгэгдсэн байдаг. Үүнд: Увс нуурын ай сав байгалийн өвийн ангиллаар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар соёлын өвийн ангиллаар, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг мөн соёлын өвийн ангиллаар тус тус ороод байна. ЮНЕСКО-гийн биет бус өвийн ангилалд морин хуур, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Бүргэдийн ан, Монгол гэр, Шагайн харваа гэсэн зүйлс бүртгэгдсэн байдаг. Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад Монгол тууль, Ардын бүжгийн урлаг - бий биелгээ, Хөөмэй, Цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, Монголын уран бичлэг гэсэн таван зүйл орсон. Баримтат өвийн бүртгэлд “Лу.Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур”, “Сахиусан дара эх” гэсэн дөрвөн өв бүртгэгдсэн.