Иргэд дахин ямар нэгэн бүртгэлд хамрагдах шаардлагагүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн дагуу хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны төвшиний судалгааны аль бүлэгт хамаарснаас үл хамааран хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох юм. Энэ оны төсөвт хүүхдийн мөнгө олгоход 144 тэрбум төгрөг тусгасан бөгөөд үүгээр наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгө олгох боломжтой. Харин наймдугаар сараас хойш төсөвт тодотгол хийснээр үргэлжлүүлэн олгох юм.
Засгийн газар энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болж, төсвийг танасан. Энэ дагуу иргэд өрхийн амьжиргааны төвшний судалгааны 1-17 дугаар бүлэгт хамрагдсан бол хүүхдийн мөнгө авах боломжтой байсан юм. Харин Засгийн газраас тогтоолд өөрчлөлт оруулснаар хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болж байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр салбарын сайд С.Эрдэнэ “Хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд албан ёсоор хариулахад өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан иргэд дахин ямар нэгэн судалгаанд хамрагдах шаардлагагүй. Өмнө нь авч байсан дансаараа автоматаар ороод явна. 18-аас дээш бүлэгт хамаарсан бол дахин судалгаанд хамрагдах ёстой гэсэн мэдээлэл гараад байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.