Хүүхдийн 20 мянга багасаж 8000 төгрөг болох уу?
Хүүхдийн 20 мянга багасаж 8000 төгрөг болох уу?
2016.01.14

Хүүхдийн 20 мянга багасаж 8000 төгрөг болох уу?

Хүүхдийн 20 мянган төгрөг багасаж 8000 төгрөг болох асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхэллээ. Уржигдар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хууль УИХ-аар батлагдвал хүүхэд бүрт ялгаварлалгүй 20 мянган төгрөгийг сар бүр өгөх юм. Гэхдээ бүх хүүхдэд хүрэлцэх хэмжээний мөнгө манай төр, засагт байна уу, үгүй юу гэдэг асуудал тулгарлаа. Засгийн газраас 2016 онд хүүхдийн мөнгөнд зориулан 144 тэрбум төгрөг төсөвлөж нийт хүүхдийн 60 хувьд нь өгөх болсон. Гэтэл айл, өрхийг амьжиргааны түвшнээс нь хамааран хүүхдийн мөнгийг олгох шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир уг асуудлыг эргэн харахад хүргэж хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг ялгаварлалгүйгээр олгох хуулийн төслийг өргөн барихад хүргэсэн юм. Гэтэл хуулиа батлаад мөнгөө тараах болоход нэмэлт, санхүүжилт хэрэгтэй гэх саналыг зарим гишүүд ярьж эхлэв.

Тодруулбал, 110 тэрбум төгрөг нэмж шаардана гэж Төсвийн байнгын хорооноос мэдэгдэж байгаа юм. Уг нэмэлт, санхүүжилтийг гаргахад  давхар 2016 оны төсвийн тодотголыг оруулж ирэх шаардлагатай болж байгаа юм. Хэрвээ төсөвт тодотгол хийхгүй бол хүүхэд бүрт очих мөнгө багасна гэсэн үг юм. Өмнө нь нийт хүүхдийн 60 хувьд нь олгоно гээд төлөвлөсөн байсан ч одоо үлдсэн 40 хувь нэмэгдэж буй учир төлөвлөсөн мөнгө хүрэлцэхгүй болж таарч байна.

 Энэ талаар холбогдох албан тушаалтнуудын байр, суурийг хүргэж байна.

 Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:- Төсөвт тодотгол хийлгүйгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэвэл нэг хүүхдэд очих мөнгөний хэмжээ багасна гэсэн үг. Энэ оны төсөв батлахад хүүхдийн мөнгөнд зориулсан 144 тэрбум төгрөг төсөвлөснийг нийт хүүхэддээ хувааж өгөх болно. Тэгэхээр cap бүр олгодог 20000 төгрөг багаснагэсэн үг. 110 орчим тэрбум төгрөг нэмж баталж байж бүх хүүдэд cap бүр 20000 төгрөг олгох боломжтой болно. Төсвийг бүтэн жилээр нь баталдаг. Тэгэхээр жилийн хугацаандаа хүчинтэй. Түүнээс жилээр баталчихсан төсвийг зургаан сард нь зарцуулчихаад үлдсэн зургаан сард нь юу ч үгүй байна гэж байхгүй. Батлагдсан мөнгө нь 144 тэрбум төгрөг, хүүхэд бүрт олгоно гэхээр нэг хүүхдэд очих мөнгөний хэмжээ багахаас өөр арга байхгүй. Хэрвээ нэг хүүхдэд очих мөнгөө багасгахгүй гэвэл санхүүжилтээ нэмэх ёстой. Санхүүжилтээ нэмэхийн тулд тодотгол хийх хэрэгтэй. Ийм л хоёр арга зам байна.

Засгийн газар бол ямар ч хуульд өөрчлөлт оруулахгүйгээр энэ асуудлыг шийдүүлье л гэсэн. Энэ нь Төсвийн хуулиар батлагдсан мөнгөө хүүхдүүддээ хуваагаад өгье гэсэн санаа. Нөгөө талаасаа Засгийн газар орлого нэмэгдүүлэх боломж байхгүй гээд байгаа. Тэгэхээр аль ч талаа бодсон батлагдсан санхүүжилтэндээ багтааж хүүхдийн мөнгөө өгнө гэж Засгийн газар танилцуулаад байна. Үзэл баримтлалдаа ч тэгээд биччихсэн. Тиймээс бүтэн жилдээ багтаад, 144 тэрбумаа хүүхдийн тоондоо хувааж өгнө гэж бодож байна. Хоёрдугаарт тогтоол батлагдангуут хэрэгжиж чадахгүй. Яагаад гэвэл хууль давдаг тогтоол байхгүй. Тэртэй тэргүй тодотгол хийсний дараа тогтоол хэрэгжинэ. Тэгэхээр 2016 оны төсвийн тодотгалтой цуг цогцоор хэлэлцэж байж хуульд нийцнэ. Өөр арга байхгүй.

 Харин Сангийн сайд Б.Болор:- Хүүхэд бүрт мөнгө олгоно. Одоо байгаа мөнгөө эхний 9 сардаа олгоод явчихна. Мөнгө хүрэлцэнэ. Гэхдээ төсөвт тодотгол хийж таарна. 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:- Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг зорьж байгаа нь зөв. 2016 оны төсвийн хуулийг өргөн барих үед төсвийн орлого хангалтгүй байсан учраас зорилтот бүлэгт олгох шийдвэрийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ дэмжсэн. Энэ тогтоолыг батлахад одоохондоо 2016 оны төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй. Засгийн газрын саналаар 144 тэрбум төгрөгөөр баталсан. Тэгэхээр одоо хүүхдийн мөнгөө ялгаваргүй өгч явж байгаад тодорхой хугацааны дараа буюу Төсвийн тухай хуульд заасны дагуу орлого, зарлага нь төсвийн тодотгол хийх нөхцөл нь бүрдээд ирэхээр хийж болно. Өөрөөр хэлбэл, одоо ямар өөрчлөлт орж байна гэхээр хүүхэддээ ялгаваргүй өгье, батлагдсан 144 тэрбум төгрөг байгаа, тэрнээс өгөөд явж байя, ингэх боломжтой. Хүүхдийн мөнгөний хэмжээ буурахгүй.

 УИХ-ын Р.Амаржаргал:- Мөнгө байхгүй л гэж хүүхдийн мөнгийг хассан. Одоо мөнгөтэй болчихсон юм уу? Засгийн газар 850 сая долларын зээл авах гээд хөөцөлдөж байна уу. Энэ мөнгө ямар хүүгээр орж ирэх юм. Хүний хөгжил сан руу орж ирэх мөнгө өөр. Улс төсөв рүү орж ирэх мөнгө бас өөр. Үүнийгээ мэдэж байна уу.

 Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:- Амьжиргааны түвшнээр нь 560 сая төгрөгөөр судалгаа хийчихээд 300.000 хүүхдийг хамруулахгүй хаягдсан гэж хэлдэг ийм яам, Засгийн газартай байгаад яах юм бэ. Төсвийн тодотгол хийхгүйгээр энэ мөнгө олгогдохгүй.

 Засгийн газраас төсөвт тодотгол хийхгүйгээр уг асуудлыг шийдвэрлэж болно гэх байр, суурийг илэрхийлж байгаа ч УИХ-ын олонх нь Төсөвт тодотгол хийж байж шийдвэрлэнэ гэж байгаа юм. Уг асуудал хэрхэн яаж шийдвэрлэгдэх нь олны анхаарлыг татсан сэдэв боллоо. 

 Нэмж мэдээлэхэд, энэ мөнгийг авахын тулд иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм. Энэ хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгохгүй юм байна. Мөн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх энэ судалгаанд заавал хамрагдах ёстой гэж Баянгол дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус судалгаанд хамрагдаагүй 279 мянган хүүхэд байгаа байгаа ба эдгээр хүүхдүүд мөн хүүхдийн мөнгө авахгүй ажээ.