Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох төслийг дэмжлээ
2016.01.15

Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 57 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр зарим УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2004 онд АН хүүхдийн мөнгийг амласан. Харин тэр амлалтыг МАН гүйцээсэн. 2006 оноос МАН-ын дарга М.Энхболдын үед сар бүр хүүхдийн мөнгө олгож эхэлсэн. 2012 оноос 21 мянган төгрөг тасралтгүй олгоод өнөөдөр 20 мянган төгрөг болоод явж байна. Үүнийг зогссон, тасалдсан гэж гуйвуулах хэрэггүй.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Оруулж ирсэн асуудлын дараалал алдагдсан. Хүний хөгжил сан дээр орлого байгаа гэж яриад байх юм. Өмнөх Засгийн газрынхаа тавьсан бондын хүүнд төлөөд дуусна. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ хэд болохыг та бүхэн мэднэ. Гэтэл 3.6 их наядыг дотоод бонд болгоод буцаагаад татчихсан байна лээ. Одоо дахиад энэ асуудал гарч ирэхээр дахиад сөхөгдөнө. С.Эрдэнэ сайд хэлээд байна, тогтоолоор тодотгол хийнэ гэх. Тодотгол хийдэг хэдхэн нөхцөл бий. Тэр хүрээнд хийнэ гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “2016 оны төсөв батлах үед л төсөвтөө суулгаад ном журмын дагуу яваач ээ гэдэг шаардлагыг л тавьж байна. Сонгууль дөхөх үед гэнэтийн юм шиг байдлаар бие бие рүүгээ турхирах хэрэггүй. Монголын үрсийн төлөө эцэг эхчүүд бүгд санаа тавилгүй л яахав. Үүнийг эсэргүүцсэн зүйл алга. Аль нэг улстөрийн нам санаачилж байгаа мэтээр ярих хэрэггүй.