Бүтээгдэхүүний талаарх анхны сэтгэгдлийг хэрэглэгч сав баглаа, боодлоос л авдаг
“ЭБО холдинг” компанийн үүсгэн байгуулагч, Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Д.Отгонбаатар
2016.01.08

Бүтээгдэхүүний талаарх анхны сэтгэгдлийг хэрэглэгч сав баглаа, боодлоос л авдаг

“ЭБО холдинг” компанийн үүсгэн байгуулагч, Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Д.Отгонбаатартай ярилцлаа. Тэрээр сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна.

 Монголын сав баглаа боодлын эрэлт, нийлүүлэлтийн талаар сүүлийн үеийн мэдээллийг манай уншигчдад өгнө үү?

Манай улс сав, баглаа боодлын нийт хэрэглээнийхээ 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 орчим хувийг импортоор хангаж байна. Гаалийн байгууллагын мэдээ болон ҮСХ-ны мэдээг харахад жилд дунджаар 80 гаруй сая ам.долларын төрөл бүрийн сав баглаа боодол импортынх гэсэн дүн гардаг. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын импортын хувьд хүн амын нийт хэрэглээний 80-85 хувийг БНХАУ-аас, үлдсэн 15-20 хувийг ОХУ болон Солонгос, Япон улсаас  импортолж байна.

Сав баглаа боодлын хэрэглээний 70 орчим хувийг гадаад зах зээлд алдсаар л байна

Сав, баглаа боодлын хэрэглээний 30 хувийг хангадаг дотоодын үйлдвэрлэлийг 40 гаруй аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг. Манай дотоодын үйлдвэрүүдийн хувьд бүх төрлийн шошго, ундаа усны сав, баглаа, багцлагч хальс, ороогч хальс, бөглөө, хуванцар савны бэлдэц, хүнсний бүтээгдэхүүний гялгар уут, ном, сонин, сэтгүүл, мяндсан шуудай, картон хайрцаг, даавуун болон цаасан уут, бэлэгний уут, даавуун цүнх, тор, ПП уут, дотортой, доторгүй, шошго, салфетик, сурагчийн дэвтэр, термаль цаасны үйлдвэрлэл, хуванцар нэг удаагийн аяга, таваг, бичиг хэргийн дугтуй зэрэг нэр төрлийн, жилдээ 70-80 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн жилд үйлдвэрлэн борлуулж байна. Энэ бол тийм ч бага тоо биш.  Гэсэн хэдий ч одоог хүртэл сав баглаа боодлын хэрэглээний 70 орчим хувийг гадаад зах зээлд алдсаар л байна.

 Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд ямар ажил хийж байна?

Бүтээгдэхүүний талаар анхны сэтгэгдэл сав баглаа боодлоос л төрдөг. Сав баглааг олон улсын стандартад нийцсэн, үндэсний хэв маягаа хадгалсан байдлаар үйлдвэрлэх хэрэгтэй гэж манай компани үздэг. Тиймээс бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмж, хэрэглэгчид ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих бодлоготой уялдуулан цаасан аяганы үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэлтэйгээр ажилладаг. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон ажил хийж байна.

Бүтээгдэхүүнээ зах зээлд болон хэрэглэгчид таниулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор олон арга хэмжээ авсан даа. Тухайлбал, Монголд цаасан аяга үйлдвэрлэдэггүй байхад “МИАТ” ХК гаднаас өндөр үнэтэй аяга оруулж ирж, зорчигч үйлчлүүлэгчийн онгоцны үйлчилгээнд ашиглаж байсан. Тухайн үед бид тус компанитай бизнесийн түншлэл хийж, зах зээлийн тодорхой хувийг олж авч чадсан. Олон талын сурталчилгаа, маркетингийн оновчтой зохицуулалт хийх замаар цаасан аягаа үндэсний брэнд болгож, олны хэрэглээ болгож чадсан.

Анх цаасан аяганаас эхэлж байсан бол одоо хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн  үйлдвэрлэж байна вэ?

Ус, ундааны хуванцар сав, цаасан аяга, хайрцаг гээд бүхий л төрлийн сав, баглааг үйлдвэрлэдэг. Сав баглаа боодлын хувьд цаасан, хуванцар, төмрөн зэрэг үндсэн гурван төрөлтэй. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад бараа бүтээгдэхүүний үнийн 45 хувийг зөвхөн сав, баглаа боодолд зарцуулдаг. Тиймээс сав, баглаа боодлын үйлдвэрлэл их чухал. Сүүлийн жилүүдэд энэ чиглэл рүү төр засгийн бодлого чиглэж, бизнес эрхлэгчид сав баглаа боодлын ач холбогдлыг илүү мэдэрч эхэллээ. Хэрэглээ ч цаг үеэ даган зах зээлийн зарчмаар улам өсөн нэмэгдэж байна. Тодорхой жишээ татахад, тухайлбал, кофе шопуудыг Улаанбаатарт ойрын хэдэн жилд олноор байгуулах боллоо. Үүнийг дагаад цаасан аяганы хэрэглээ тэнд өөр өөр загвар маягтайгаар маш олон төрлөөр хэрэглээнд нэвтэрч эхэлж байна шүү дээ.

Тиймээс сав, баглаа боодлын үйлдвэрлэл их чухал
“Эбо холдинг”-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тэр дундаа цаасан аяга бусдаас ялгарах ямар онцлог, давуу талтай вэ?

Бид анхнаасаа бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмж, байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг гол баримтлал болгосон. Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан сав баглаа боодлыг дэлхий нийтээрээ “эко” байхыг зөвлөж байна. Бид цаасан аягаа Солонгос улсын технологиор хийж байна. Тоног, төхөөрөмж, түүхий эдээ Солонгосоос нийлүүлдэг. Цэвэр модноос гаргаж авсан хүний биед хор нөлөөгүй, байгальд ээлтэй гэдгээрээ онцлог. Энэ ч утгаараа олон улсын стандартад нийцсэн цаасан аяга үйлдвэрлэж байна.

Анх үйлдвэрээ байгуулж эхлэх үед ямар нэг бэрхшээл, хүндрэл байсан уу?

Байлгүй яахав. Шинэ зүйл болгон бэрхшээлтэй тулгардаг. Манайд цаасан аяганы хэрэглээ, соёл одоогийнх шиг бүрэлдэж, хөгжөөгүй, хүмүүс тэр бүр хэрэглэх сонирхолгүй, хэрэглэгч чанартайг сонгохоосоо илүү, хямдыг сонгож Хятад улсаас импортолдог, амархан нэвчдэг цаасан аяга, эсвэл 50 төгрөгийн хуванцар маш нимгэн аягыг сонгож авдаг үе байлаа. Гэсэн ч бид шантраагүй. Миний бизнес, ажил хэрэгтээ баримталдаг зарчим бол бэрхшээлийн цаана үргэлж боломж гарч ирдэг гэдэгт итгэдэг. Тэр л зарчмаараа бэрхшээл бүхэнтэй нүүр тулсан. Гэсэн ч хамт олныхоо хамтын хичээл зүтгэлээр хэцүү давааг ардаа орхиж чадсан.

Анхлан тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд их хүндрэлтэй байлаа. Солонгос улсаас мэргэжлийн инженерийг авчирч, өөрсдийн ажилчдаа гурван сар гаруй бэлтгэсэн. Тухайн үед мм-ын зөрүү гарснаас болоод л үйлдвэрлэл зогсдог байсан. Анхнаасаа л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө зорьж ажиллаж ирсэн. Одоо бол гадны мэргэжилтэн авчрахгүйгээр дотооддоо боловсон хүчнээ бэлдэж, тоног төхөөрөмжийн гэмтлээ ч өөрсдөө засдаг болсон.

1000 аяга үйлдвэрлэхэд 2 ширхэг гологдол гарах магадлалтай

1000 аяга үйлдвэрлэхэд 2 ширхэг гологдол гарах магадлалтай гээд бодохоор хэрхэн мэргэшсэн нь харагдана. Үйлдвэрийн хүчин чадлын хувьд цагт нэг машин 3500 аяга үйлдвэрлэдэг. Дөрвөн машинаар цагт 14 мянган аяга үйлдвэрлэх хүчин чадалтай. Монголын зах зээлийг 100 хувь хангахуйц үйлдвэрлэл бий.

Төрөөс хөнгөлөлт, зээл байдаггүй. Харин ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрт манай холбооноос долоон ААН хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсан судалгаа байдаг. Сав баглаа боодлын салбар хүнд салбар. Учир нь нэг аяганы үйлдвэрлэлийн өртөг нь 30 төгрөг бөгөөд маш олон ширхэгийг борлуулсны дүнд ашгаа өгдөг. Тиймээс маш нарийн төлөвлөлттэй, хэрэглэгчээ мэдрэх мэдрэмжтэй, зах зээлийн судалгаа сайтай ажиллахыг энэ бизнес шаарддаг.

Цаашид компанийн үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна?

Зах зээлд манай компани анхлан энэ чиглэлд хөл тавьж байсныг бодвол одоо үйлдвэрлэл ч өргөжин тэлж, 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашдаа төрөөс энэ үйлдвэрлэлийг дэмждэг болоосой гэж хүсч байна. Цаасан аяга, хуванцар сав боодлын түүхий эд бүрийг гаднаас тэр дундаа Солонгос улсаас оруулж ирдэг. Тиймээс энэ салбар улам өргөжиж, хөгжихийн тулд их ажил хийх шаардлагатай байна.

Монголд цаас үйлдвэрлэх боломж бий. Энэ талаар судалгаа хийн, төслийн компани байгуулаад ажиллаж байна. Мод, сүрлээс цаас гаргах технологиуд гараад байна. Мөн холбооны зүгээс Сав баглаа боодлын үйлдвэрлэлийн талаар хуультай болохоор зорьж байна. Тогтсон хууль байхгүй учраас хүссэн хүн бүр гаднаас чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирэн зарах боломжтой байдаг. Тиймээс энэ тал дээр төр, засагтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна.  

Яагаад сав баглаа боодлын зах зээлд нэвтрэх болов. Холбоо байгуулах болсон шалтгаан?

1999 онд Солонгос улсаас нэг удаагийн цаасан аяганы үйлдвэрийг оруулж ирж, Монголд “үндэсний” тодотголтой нэг удаагийн цаасан аяганы үйлдвэр байгуулж байсан. Биднийг үйлдвэрээ нээж байх тэр үед сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төдийлөн ярьдаггүй байлаа. Тиймээс аягаа үйлдвэрлэхээр шийдэж, дараагаар хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж эхэлсэн. Тэр үед мэргэжлийн үйл ажиллагаа, бизнесийн орчин талаас ямар нэг дэмжлэг авч чаддаггүй байлаа. Естой л нэг нүцгэн гараараа зүтгэж байсан үе.

Бүтээгдэхүүний талаар анхны сэтгэгдэл сав баглаа боодлоос л төрдөг.

2006 онд “Мон-сав” компанийн гүйцэтгэх захирал н.Бадрал эко сав, баглаа боодол үйлдвэрлэж байсны хувьд Монголын сав, баглаа боодлын үйлдвэрлэгчид нийлж эрх ашгаа хамгаалах, сав баглаа боодлын эдийн засгийн үр ашиг, зах зээлийн талаарх ойлголт, хандлагыг өөрийн орны зах зээлд нэвтрүүлье, хэрэглэгчдэд өнөөгийн шаардлагад нийцсэн сав баглаа боодлын хэрэглээний соёлыг бий болгоход дэмжлэг үзүүлье, үүний төлөө хамтран ажиллая, холбоо байгуулья гэсэн санал тавьсан. Тухайн үед ийм ажиллагаа бидэнд хэн хэнд хэрэгтэй байсан учраас санаа зорилго нэгтэй, үйл ажиллагааны хувьд ижил төстэй Монголдоо сав баглаа үйлдвэрлэж байгаа хэд, хэдэн ААН, хувь хүнтэй холбогдон санал тавьж, хамтран энэ холбоог байгуулж байлаа.

Дараа нь 2012 онд ижил төрлийн бусад холбоод хамтран уулзаж, сав баглаа боодлын зах зээлд илүү дорвитой ажиллах, хүн амын хэрэглээ улам их өсөн нэмэгдэж байгаа нийгмийн шаардлага, зах зээлийн өрсөлдөөнийг даван туулахад хүчээ нэгтгэх зэрэг олон зорилгыг нэгтгэн улсын хэмжээний гурван жижиг холбоо хамтран нэгдсэн холбоог байгуулсан. Сав, баглаа боодлын нэгдсэн холбоо Монголд энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулдаг 40 гаруй ААН-ийг эгнээндээ нэгтгээд байна.

Анх холбоо байгуулах үеийн нөхцөл байдал одоо хэр өөрчлөгдсөн бэ?

Ерөнхийдөө манайд улсад сав, баглаа, боодлын үйлдвэрлэл хэт жижигт тооцогдож, зөвхөн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж ирсэн юм. Төрөөс бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх сав, баглаа, боодлын ариун цэврийг сайжруулах, үйлдвэрүүдийн технологийн ажиллагаа, үйлдвэрлэлийн нэгдсэн бодлого, төсөл, хөтөлбөр бараг байдаггүй байсан үе саяхан шүү дээ. Цаашлаад үйлдвэрлэлийн талаар улсын хэмжээнд хамруулсан мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрэлдээгүй байна. Зөвхөн Улаанбаатар хотод энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн тоог ашиглан, дүн мэдээ гаргаж байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжлийн бодлоготой уялдан Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2013 оны А/46/115 дугаар хамтарсан тушаалаар “Зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний төрлийг тодорхойлох, шошголох журмыг батлан мөрдөж эхэлсэн. Сав баглаа боодол үйлдвэрлэгч, хэргэлэгчид нэгэн дор цуглан чуулж, санаа оноогоо ярилцан энэ талаар тодорхой ахиц дэвшил гарч байна.

Бид Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, аюулгүй, ахуйн шаардлага хангасан сав баглааг үйлдвэрлэн, төр засагтай хамтарч ажиллахыг зорьж байна.