Хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүд нь гаргахаар тусгажээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.01.08

Хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүд нь гаргахаар тусгажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төсөлд цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг, эх нь гаргахаар зааж өгчээ. 

Үүнд эмзэг бүлгийн айлын хүүхдүүд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хоолны зардлыг нь 100 хувь төрөөс даахаар болжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоо баталсан. Цаашид яах вэ гэдгээ суулгаж өгсөн. Суулгасан асуудал энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр туссан уу. Тухайлбал, малчны зургаан настай хүүхэд сургуульд орж байгааг уян хатан байдлаар шийдэх. Хүүхэд харах үйлчилгээ боловсролын салбарт ухралт авч ирсэн. Цаашид хүүхэд харах үйлчилгээгээ яах вэ. Хүн бэлддэг салбараа ашгийн төлөө байхыг нь хуульчилж өгөх нь зөв үү. 

Компанийн хуулиар явна гэхээр салбараа эвдчих юм биш байгаа” гэв. Харин түүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сайн хүн, амьдрах чадвартай хүн бэлдэх нь боловсролын салбарын зорилго. 12 жилийн хугацаанд ямар хүн бэлдсэн түүнийгээ шалгаж байгаа. 

Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдлаа гээд цэцэрлэгийн багш нар гомдоллоод байгаа юм байхгүй. УИХ уг хуулийг батлахдаа өнөөдөр байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэхийн төлөөх хууль. Цэцэрлэг барьж чадахгүй, багшийг бэлтгэж чадахгүй байна” гэсэн юм. Харин дээрх хуулийн төслөөр санал хураасангүй, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.