Нийслэлийн иргэд бүтээн байгуулалтын төслүүдэд санал өгч байна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран дэлхийн 22 улсад амжилттай явагдаж, нэвтэрсэн Зөвлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Стэнфордийн Их сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин, тус төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, түүврээр сонгогдсон нийслэлийн иргэдийн 400 төлөөлөгч, Төрийн бус байгууллагууд оролцлоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн шинэчлэлийн баг аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчмаар ажиллаж ирсэн. Харин энэ удаад бид ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрт иргэн таны саналыг авч, зөвлөлдөх гэж байна. Өөрөөр хэлбэл таны саналаар бид бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Цаашид ч иргэдийн оролцоог хангасан, саналыг тусгасан шийдвэр гаргаж ажиллах болно” хэмээн тодотгон хэллээ.
Зөвлөлдөх санал асуулгын хуралдааныг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун удирдаж байна. Эхний өдрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Улаанбаатар хотын эрүүл, аюудгүй байдлын төлөв, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа.
Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг 20 бүлэгт хуваасан бөгөөд бүлэг тус бүр ирэх жилүүдэд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон 14 төслийн талаар мэдээлэл авч, харилцан санал солилцож байна. Нэгдсэн хуралдаанаар Барилгын материал, Байгаль орчинд нөлөөлөх байдал, Бизнес хөгжил, Аялал жуулчлал спорт, Арьс шир боловсруулах үйлдвэрүүд , Төр хувийн хэвшлийн түншлэл, Усны хангамж, Гол хамгаалах, Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өглөө.
Зөвлөлдөх санал асуулгаар санал асуулгын явцад хяналт тавих Зөвлөх хороо ажиллаж байгаа бөгөөд хорооны гишүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлТ.Ариунаа, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр, Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2 өдөр үргэлжилнэ.