Багануур хотын Захирагч бүрэн эрхээ баталгаажуулав
Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагч Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажууллаа
2015.12.01

Багануур хотын Захирагч бүрэн эрхээ баталгаажуулав

Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагч Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өчигдөр болж, НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн удирдлагууд оролцжээ.

НИТХ-аас нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах шийдвэр гаргасан. Улмаар Налайх хотын Захирагчаар Ш.Хаан сонгогдон, энэ оны 7 дугаар сард тангаргаа өргөсөн. Харин  Багануур хотын Захирагчийн сонгууль өнгөрөгч 10 дугаар сарын 18-нд болж, 57,72 хувийн саналаар Н.Тавинбэх сонгогдсон бөгөөд өчигдөр бүрэн эрхээ баталгаажуулж байгаа юм.

Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагч Н.Тавинбэх Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, хотын үндсэн дүрэм, бусад дүрэм журмыг дээдлэн сахиж, Багануур хотын хөгжил дэвшил, иргэдийнхээ өмнө шударгаар хичээнгүйлэн ажиллана хэмээн тангараг өргөлөө. Багануур хотын Захирагч Н.Тавинбэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Захирагчийн мөнгөн гэрэгэ, Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нар Багануур хотын бэлгэдэл түлхүүрийг  гардуулав.

/UBS/

Багануур дүүрэгт хот байгуулсанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө гэж төлөвлөсөн билээ