Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори нээгдлээ
2015.11.04

Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори нээгдлээ

НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярын санаачилгаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторийн нээлт өнөөдөр боллоо.

Хүүхдийн амбулатори нээлт

Нээлтийн ёслолын арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шяо Шуан, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хай Мин, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй албаныхан оролцсон юм.“Чингэлтэй дүүрэг 19 хороо, 170 мянга орчим хүн амтай, 30 мянган өрхтэй.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургууль, хувийн өмчийн есөн сургуульд 24 мянган орчим хүүхэд суралцаж байна. Мөн дүүргийн хэмжээнд 0-18 насны 51 мянган орчим хүүхэд багачуудтай. Манай дүүрэгт хүүхдийн амбулатори, төрөх болон хүүхдийн эмнэлэг дутагдсаар ирсэн.

Хүүхдийн амбулатори нээлт

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц анхны Хүүхдийн амбулаторитой болж байна. Энэхүү эмнэлэгийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан бүрэн шийдвэрлэсэн бол дүүргийн Засаг даргын тамгын газраас хүүхдийн амбулатори барих газар, цахилгаан, халаалт, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн” гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд онцолсон юм. 

Мөн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Маш богино хугацаанд энэхүү эмнэлгийг барьж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан Энхтайван хөгжлийн сан болон монголын талаас бүх асуудлыг хариуцаж ажилласан “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярт талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу” гэж онцолж байлаа. 

Хүүхдийн амбулатори нээлт