Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх зээлийг дэмжинэ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.03

Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх зээлийг дэмжинэ

УИХ дахь бие даагчдын зөвлөл хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцсэн байна. Зөвлөлөөр хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр,  2016 оны төсөвт ямар нэг байдлаар эх үүсвэр гаргаж цалин тэтгэвэрийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээн бие даагч гишүүд үзэж байгааг хэллээ.

Мөн ийм эх үүсвэр гаргахын тулд шаардлагагүй зардлуудыг хасах хэрэгтэй гэсэн юм. Харин яамдын тоог багасгах асуудлыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэх ёстой гэж үзэж байгаа аж. Хамгийн гол нь улсын төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа зүйл бол Засгийн газар шинээр байгуулж, “бялуу хуваарилах” асуудалтай шууд холбоотой гэж үзэж байгаа гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн. Тиймээс үүнийг цэгцэлж байж хэмнэлт гарна.

Түүнээс биш төрийн албан хаагчдын цалинг хасаад хэдхэн тэрбум төгрөг хэмнэх тухай ярих нь чухал биш. Тэгээд ч Засгийн газын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гадны хоёр зөвлөхдөө 10.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын хэдхэн тэрбум төгрөгийг хасах гээд хэрэггүй  гэсэн юм.

Үүнээс гадна энэ долоо хоногт Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй хоёр зээлийн хэлэлцээрийг шийдэхээр байгаа. Эхний нь Хөдөөгийн хөгжил санхүүжилтийн хоёр дахь шатны зээл. Нэгэнт манай улс уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгө нь хангалттай биш байгаа учраас хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ийм зээлийг дэмжинэ гэж бие даагч гишүүд үзсэн байна. Тодруулбал уг төслийн дагуу 150 мянгаас хоёр сая хүртлэх төгрөгийн хөдөө аж ахуйн зээлүүдийг санхүүжүүлэх юм байна.

Мөн Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй нийгмийн халамжийн чиглэлийн хөтөлбөрийн зээлүүдийг тасралтгүй явуулах ёстой гэсэн. Өрийн босгын хувьд Азийн хөгжлийн банкны энэ хоёр зээл төдийлөн дарамт үүсгэхгүй гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Учир нь хөнгөлөлттэй нөхцлөөр олгогдож байгаа удаан хугацаагаар төлдөг, жилийн 1-2 хувийн хүүтэй ийм зээлүүд эдийн засагт төдийлөн хүнд дарамт болдоггүй гэсэн юм.

Харин Хятадын экспорт, импорт банкны нэг тэрбум ам.долларын зээл эдийн засагт дарамт үзүүлж магадгүй гэж бие даагч гишүүд үзэж байгаа аж. Энэ зээлийг Эгийн голын усан цахилгаан станц, Хөшигтийн хөндийн замын ажилд зарцуулах учраас ач холбогдлыг нь харах хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн хавар эрчим хүч, зам авч байгаа зээлийг өрийн хязгаарт нөлөөлөхгүй байхаар болгосон мэт ярьж байгаа. Гэсэн хэдий ч олон улсын стандартын дагуу энэ бол өрийн хязгаар орно гэдгийг тэрбээр мөн хэллээ.