"Ажилласан жилээс хамаарч амралтын хоног тооцдог хуулийн заалтыг үгүй хийх гэж байна "
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, цалин тэтгэвэр, тэтгэтж нэмэх асуудлаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Атгаланбаатараас зарит зүйлийг тодрууллаа.
-Засгийн газар өнгөрсөн сарын 16- нд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажлын хэсэг байгуулж, хоёр жилийн хугацаанд төслийг бэлэн болгосон. Засгийн газар уг хуулийн төслийг өргөи барихдаа зарим зүйл заалтыг тохиролцооноосоо дордуулсан гэх яриа байна. Тухайлбал, ямар зүйл заалтыг нь өөрчилсөн байна вэ?
-Ажлын хэсгийнхний боловсруулсан хэд хэдэн заалтыг өөрчилчихсөн байна. Хуулийн хэлэлцүүлгийн шатанд үүнийг нь МҮЭХ өөрчлүүлэх боломжтой гэж үзсэн учраас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, уг хуулийн төсөл дээр ажиллаж буй гишүүдтэй уулзсан. Гурван талт хамтын хэлэлцээрийг аж ахуйн нэгж, улс, нийслэл, аймаг, орон нутаг, салбарын түвшинд байгуулдаг. Гэтэл дээрх хуулийн төслийг өргөн барихдаа салбарын түвшинд байгуулдаг гурван талт хэлэлцээрээс салбарын яамыг нь хасчихсан байна.
Тэгэхээр хөдөлмөр, нийгмийн асуудалд Хөдөлмөрийн яам нь ямар ч хамааралгүй болж байна гэсэн үг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиараа салбарын яам нь тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нартай хамтран гэрээ байгуулж буй. Дараагийн нэг том асуудал нь ээлжийн амралтын хоног сунгах тухай юм. Одоогийн хуулийн төслөөр бол 15 хоног амардаг байсныг 20 болгон нэмэгдүүлсэн мэт харагдавч, ажилласан жилээс хамаарч ээлжийн амралтыг уртасгадаг байсан заалт хамтын гэрээгээр шийдэгдэхээр болоод байна. Тэгэхээр аж ахуйн нэгжийн олонх нь хамтын гэрээ байгуулж чадахгүй.
Ажилласан жилээсээ хамаарч ээлжийн амралтын хоногоо нэмэгдүүлдэг одоогийн хуулийн заалтыг хасаж байна гэсэн үг. Гурав дахь нь, дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд гадаадаас ажиллах хүч авдаг. Тиймээс ажлын хэсгийнхэн ярилцаад ажиллах хүчний дээд хязгаарыг 10 хувь гэж тохиролцсон байсныг Засгийн газар УИХ-д өргөн барихдаа 30 хүртэл хувь болгон нэмэгдүүлсэн байна. Дотоодын ажиллах хүчний хангалт, ажлын байрны хүрэлцээ муу байхад ийм заалт байж болохгүй. Эдгээрийг зайлшгүй залруулах шаардлагатай.
Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр,тэтгэмжийг нэмэгдүүлэхээр улсын гурван талт хэлэлцээр байгуулсан шүү дээ. Гэтэл одоо болтол нэмэгдээгүй л байна ?
-Цалин болон тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд энэ онд нийт 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Үүний дагуу төрийн албан хаагчдын цалинг тавдугаар сарын 1, төрийн тусгай алба хаагчдынхыг долдугаар сарын 1, төрийн захиргааны удирдах ажилтнуудын цалинг ирэх аравдугаар сараас нэмэгдүүлэхээр тохиролцсон. Гэсэн ч Засгийн газар ‘Төсвийн орлого бүрдэхгүй байна. Төсвийн тодотгол зайлшгүй хийж байж цалин нэмэх арга хэмжээ авна” гэсэн албан ёсны хариуг зургадугаар сарын эхээр бидэнд ирүүлсэн.
-Улс орны эдийн засаг хүнд, төсвийн орлого тасалдаж байхад цалин, тэтгэвэр нэм гэсэн МҮЭХ- ны шаардлага одоогийн нөхцөлд хэр оновчтой гэж бодож байна?
-Гурван талт хэлэлцээр байгуулаад улсын төсөвт хөрөнгийн эх үүсвэрийг нь суулгачихсан. Тэрнээс биш бид хөрөнгийн нэмэлт санхүүжилт улсаас нэхээгүй. Олон хүн цалин, тэтгэвэр нэмэгдэхийг хүлээж байна. Тйймээс Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.
-Хувийн компаниуд ажилчдаа цомхотгож, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байна. МҮЭХ цалин нэм гэхээсээ илүүтэй ажилгүй хүмүүсээ амь зуулгатай болгохын тулд юу хийж байна вэ?
-Улсын гурван талт хэлэлцээр нь зөвхөн цалин нэмэх асуудлыг чухалчилдаггүй. Ажлын байрыг хэрхэн хадгалж, хамгаалах вэ. Эдийн засгийн хүнд байдлаас яаж гарах вэ зэрэг нийт 53 асууддыг багтаасан байдаг. Үүнд ажил олгогчид хүмүүсийг хууль бусаар халахыг зогсоох, аль болох халуулахгүй байх бололцоо нь юу байна. Хөдөлмөрийн бүтээмжээ яаж нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор сургалт сурталчилгаа явуулдаг. Гэхдээ уул уурхай, барилга, зарим үйлчилгээний салбар хүнд байдалд орж, ажилчдаа цомхотгож байгаа.