Мэндчилгээ
Монголын ардчилсан холбоо
2014.10.02

Мэндчилгээ

Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж МоАХ байгуулагдсаны түүхт 25 жилийн ойн босгон дээр тохиож буй Олон Улсын ахмадын баярын мэндийг Монголын нийт ахмад буурлууддаа хүргэн мэндчилье.

Ахмад настны өдрийг Олон улсын хэмжээнд 23, Монгол Улс 21 дэх жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ тэмдэглэлт өдөр  МоАХ  алс тэртээ  хязгаарын Ховд аймагт бүсчилсэн уулзалт зохион байгуулж ахмад партизануудынхаа санаа бодлыг сонсч байна. . Энэ  уулзалтад Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Булган, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын ардчиллын анхдагчид, ахмадууд, залуу үеийнхэн хамрагдаад  байна.

МоАХ-ны удирдах зөвлөл ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагчид, ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хуулийн төсөл санаачлан боловсруулаад байна. Энэ хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхдагчдад улсаас орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж нэг удаа олгох талаар тусгасан юм.

МоАХ цаашид ч ахмад партизануудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай ажил санаачлан хэрэгжүүлэхээр ажиллах болно.

Улс орондоо хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахын төлөө хөдөлмөрлөж бие сэтгэл, оуюн ухаанаа харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ урт удаан насалж үр хүүхэд, төр түмэндээ түшиг болж явахын өлзийтэй сайхан ерөөл өргөн дэвшүүлье.

Сайн үйлс мөнхөд дэлгэрэх болтугай.

"МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО"