Г.Баасан: Банкны бодлого ахмадыг дээрэлхсэн үл хүндэлсэн байдалтай байгаа
Өнгөрсөн долоо хоногт ахмадуудтай холбоотой уриалга гарсан. Үүнд ахмадын тэтгэврийн зээлийн хүүг тэглэх тухай санаачилга гарч эхэлсэн. Энэ асуудлыг зохион байгуулсан Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.
-Энэ жил ахмадын баярын өдрийг тэмдэглэхийн тулд та ямар арга хэмжээ санаачлан хийж байна. Энэ жил ямархуу онцлогтой болох вэ?
НҮБ-ээс 1990 оноос эхлэн дэлхий нийтээрээ Ахмадын өдөртэй байхыг зарласан байгаа. Үүнийг Монгол улс 1992 оноос тэмдэглэдэг болсон. Энэ жил 22 дахь удаагаа Ахмадын өдрийг тэмдэглэх гэж байна.
НҮБ-аас жил болгон уриа гаргадаг энэ жилийн уриа бол “Хэнийг ч бүү орхигдуул, хүн бүрт зориулсан нийгмийг байгуулцгаая” гэсэн маш нийтлэг, нийт хүний эрх ашгийг хөндсөн чухал уриатай жил. Энэ уриаг бид нар яаж хэрэгжүүлэх вэ, уриан дор манай ахмадад тулгарч буй асуудал, сайн сайхан нь юу байна, авч хэрэгжүүлэх зүйл, мөн ахмадтай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг өдөр.
Баяр боловч ахмадын амьдрал шинээр сайжирч байх ийм л өдөр юм. Баяраар нэг ч хүнийг орхигдуулахгүй хоёр асуудал байна гэж үзсэн.
Нэгдүгээрт ахмадтай холбоотой хууль эрх зүйн орчинг нийт ахмадад жигд хүртээдэг, ойлгомжтой харилцааг цогцлоодог хуультай болох, хоёрдугаарт амь амьжиргааны баталгаа болсон тэтгэврийн зээл, зээлийн хүү их өндөр байгаа үүнийг эхний удаадаа тэглэх, цаашдаа хүүгүй болгох ёстой гэж үзэж байна. Үүний дагуу холбогдох банкуудтай удаа дараа уулзалт хийсэн.
-Тэтгэврийн зээлийн хүү 1.5 хувь гэж байна. Энэ ер нь хэр өндөр үзүүлэлт вэ?
Орон сууцны зээл 0.8 хувь байхад насаараа хөдөлмөрлөн Монгол улсдаа татвараа төлсөн ахмадад их өндөр байна. Энэ бол мөлжлөг, эдийн засгийн дээрэм.
-Үүнийг зохицуулах эрх зүйн орчин нь хэр байна вэ. Нэг удаа тэглэхэд хууль эрх зүйн гарц талаасаа хэр боломжтой вэ?
Шударга хэлэхэд банкны бодлого ахмадыг дээрэлхсэн үл хүндэлсэн байдалтай байгаа. Монгол улсын төрийн банк төрийн зохицуулалт хийх үүргээ хүлээх ёстой гэж үзэж байна.